Афины даллага

Энэ нь тухайн наадмын нэр хүндийг өргөж байгаа үзүүлэлт төдийгүй арьс өнгэ, яс үндэс, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан зөвхөн их спортын дор эвлэлдэн нэгдэж, шударгаар өрсөлдөх зарчимтай нь нийцэж байгаагийн нотолгоо. Гэхдээ зарим тохиолдолд нэг нартай, нэг дэлхийтэй улс гүрнүудийн бусдыгаа үл хүндэтгэж, өөрсдийнхөө эгнээнд байлгах гэж зүтгэсэн улс төрийн хийрхэл нь хаа хамаагүй олимпод нөлөөлж байсныг ч бас үгүйсгэж болохгүй.
Арван таван зуун алгасч байж бидний цаг үед түүхч, археологчдын буянаар дахин сэргэж ирсэн олимпийн наадмын түүхэнд улдсэн уламжлалаас харахад эхнээсээ шударга өрсөлдөөний төлөө, их эв нэгдлийг тунхаглаж байсан нь мэдрэгдэнэ. Ямар-таа л өөр хоорондоо дайтаж, цусаа урсгаж байсан овог аймгууд зөвхөн олимпийн үеэр цагаан туг өргөлцөж, найрам-даад тэмцээн уралдаан өндөрлөтөл өстэн дайсан бололц-соноо тас мартаад уралдаан тэмцээнээр өрсөлддөг байж. Харин дараа нь дайнаа үр-гэлжлүүлдэг байсан гэнэ. Эртний соёл иргэншилт Грект үүссэн олимпийн наадам ийм л жаягтай байжээ. Зөвхөн спортын дор нэгдэж чаддаг, ямарваа нэгэн хар хоргүй, шударга өрсөлдөөн бол үнэхээр олимп. Хэн нэгнийгээ ад шоо үздэггүй, хөөр баяраар хөхин баясч чаддагаараа олимпийн наадам нэр хүндтэй, цэвэр ариун юм. Тэнд ямар ч улс төр хэрэггүй. Тухайн баг тамирчид ямар шашинтай орноос ирсэн нь ч юм уу, аль эсвэл ядуу буурай орных байх нь хэнд ч хамаагүй. Гагцхүү хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтнээс хүчтэй байвал л болоо. Мэдээж хэрэг, энэ нь нэгэнт чи олимпод оролцож байгаа бол заавал түрүүл гэсэн үг бас биш. Өнөө цагийн олимпийн уриа л тэр. Эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн билэгдэл байх үүднээсээ нэгэн цагт Медаль авахдаа буе оролцохдоо гэсэн уриатай байж үзсэн. Цагийн аясыг дагаад тэр нь өөрчлөгдөж, олимпоос медаль авна гэдэг тухайн орны нэрийн хуудас болж хувирсан юм. Олимпод оролцеоноороо дэлхий ертөнцийн сая сая хүнд танил болно гэж ойлгож ч болно. Ямартаа л Монголынхоо баг тамирчдыг тэргүүлж, улсынхаа нэр хаягийн араас Төрийнхөө далбааг ганц гартаа чанга атгаж яваа зодог шуудагтай эрийг зурагтаар харсан гадаадын иргэн тэр бяртай хүний нутагт очихыг зорьж манайд жуулчлалаар ирсэн гэхэв. Олимпийн нөлөө гэж энэ. Өнөөг хүртэл, бүр цаашид ч эв нэгдэл, нөхөрлөлийн билэгдэл төдийгүй бодит жишээ байх олимпийн туган дор эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харж гэдийсэн урд хойд хоёр Солонгос буюу хан үндэстэн ч нэгдэн жагсч байсан удаатай. Дайн болоод аливаа үймээн самууныг олимп таалдаггүйн жишээ бол Афганистан, Иракийн олимпийн хороог түр хугацаагаар түдгэлзүүлеэн явдал юм. Тиймээс тэдгээр орны тамирчид өнгөрсөн Сиднейн олимпод тамирчдаа илгээж чадаагүй. Харин энэ удаа Олон улсын олимпийн хорооноос тэр хоёр орны Үндэсний олимпийн хороог хүлээн зөвшөөрсөн болохоор Афины олимпод өрсөлдөх орны тоо 202-т хүреэн хэрэг. Энэ тоо дараачийн олимп болох Бээжин-2008 хүртэл дээд амжилт хэвээр үлдэх нь тодорхой.
Бидний монголчуудын хувьд анх олимпод оролцсоноосоо хойш одоо арав дахь олимпдоо зодоглох гэж байна. Энэ дөчин жилийн хугацаанд олимпийн аваргатай хараахан болоогүй ч, нийтдээ 14 медаль хүртсэн нь хүн амынхаа тоонд харьцуулахад өндэр амжилт болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байдаг. Чухамдаа үзүүлеэн амжилтаараа илүү гарахгүй ч, авсан медалийнхаа тоогоор урд хөршийнхөө өмнө гишгэдэг гэнэм. Саяхан Германы спортын тоймчдын гаргасан судалгаагаар энэ удаагийн олимпод өрсөлдөх Монголын баг тамирчдаас мэргэн бууч ОУХМ О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн төрөлд зодоглох ОУХМ Б.Наранбаатар нарыг медаль авах найдлагатай гэж дүгнэсэн нь цацагджээ. Тэгэхээр дэлхийн улс орнууд манайхныг ажиглаж, амжилт хүлээж байна гэж дүгнэхэд болмоор санагдана.
Ингээд бидний хувьд ихээхэн хамааралтай олимпийн тоолол болох 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхлээд одоогийн Афин хүртэлх сүүлчийн 10 олимпод хэдэн орны тамирчид өрсөлдөж байсныг толилуулбал сонин байх. Дөчин жилийн өмнөх Токиогийн олимпод 93 орны тамирчин оролцож байсан бол, удаахь Мехикод 112 орон болж, эре үерэлт гарчээ. 1972 оны Мюнхений олимпод дээрх тоо есөөр нэмэгдэж, 121-т хүрчээ. Харин дөрвөн жилийн дараа 1976 оны Монреалийн олимпод өрсөлдөгч орнуудын тоо бараг гучаар буурч, 92 болсон байна. Ертөнцдаяараа эрс тэс хоёр системд хуваагдаж байсны түүхэн баримт болсон 1980 оны Москвагийн олимпод ердаа 80 орны тамирчид оролцеон байх юм. Найман жилийн дараа цагийн салхины аяс өөрчлөгдөж эхэлеэн 1988 оны Сөүлийн олимпод 159 орны шилдгүүд оролцеон нь эре өндэр хэлбэлзэлтэй рекорд тоо бололтой. 1992 оны Барселоны олимпод энэ тоо 10-аар нэмэгдэж, 169 болсон. Олимпийн 100 жилийн ой давхацсан 1996 оны Атлантын олимпод 197 орны төлөөлөг-чид тугаа мандуулжээ. Хамгийн суүлчийн буюу шинэ зууны эхний олимп болох ногоон тивийн Сидней -2000 -д 200 орны тамирчид олимпийн туган дор нэгдэн жагссан байна. Харин одоо олимпийн өлгий нутаг Афинд 202 орон оролцох нь тодорхои болчихоод байгаа. Тэдний дунд хамгийн анх удаа олимпод оролцох гэж буй Кирибат арлын улс шинээр бүртгэгджээ.
Шинэ сонины маань анхны дугаар уншигч таны гар дээр очиж байх яг тэр мөчид өнөөдөр Грекийн тэнгэрт Монголын төрийн далбаа мандаж, их спорт руу биднийг даллах Афины даллага эхлэх нь ээ. Тэгэхээр үдсэн баг тамирчдынхаа дээлийн захыг чангахан мушгиж горьдлого тавин хүлээх л үлдлээ. Афины тэнгэр монгол зоныг ивээх болтугай хэмээн залбиръя даа.
(өдрийн сонин 2004.08.11 198)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button