Чуулган дахиад л завсарлалаа

Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ынхан ажлынхан хэсгийнхэн бие биенээ хууль бус үйлдэл хийж байна, зөвшилцөлд идэвхтэй оролцохгүй байна гэж шүүмжилж байсан бол өнөөдрөөс тулга тойрсон маргаан намжжээ. Гэвч тохиролцоонд эцэслэн хүрч чадаагүй учраас маргааш хүртэл чуулган завсарлуулах хүсэлтийг хоёр талын ажлын хэсэг хамтран гаргасан юм.
Ажлын хэсгийнхэн зөвшилцөөн хийх гэсэн баримт бичиг дээр гарын үсэг зурахад бэлэн болж байгаа бололтой. УИХ-ын даргад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайдыг томилох асуудал дээр анхаарч ирсэн тохиролцоо нь хэвээрээ явж байгаа гэнэ. Ажиглагчдын дүгнэснээр маргаашийн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх магадлалтай байна.
Зөвшилцөөн ямар шатандаа явж байгаа талаар Эх орон-Ардчилал бүлгийн ахлагч хатагтай С.Оюун ингэж ярьж байна.
-Ямар ч байсан зөвшилцөл урагшилж байгаа. Ямар асуудал дээр гэвэл хамгийн эхний ээлжинд үнэхээрийн хоёр том улс төрийн хүчин хамтран ажиллахын төлөө бэлэн байгаа. Чин эрмэлзэл байгаа гэсэн тунхаг дээр УИХ-ын гишүүд гарын үсэг зуръя гэсэн санал явж байгаа. Тэрэн дээр Эх орон-Ардчилал эвсэл гарын үсэг зурахад бэлэн байна. МАХН-ын зүгээс үүнийг ойрын үед бас шийдэх байх гэж бодож байна. Урьд нь яригдаж байсан Зөвшилцөл-1, Зөвшилцөл-2 баримт бичгүүд нийлээд Зөвшилцөл-1 болчихсон байгаа. Түүн дээр ч гэсэн Эх орон-Ардчилал эвсэл гарын үсэг зурахад бэлэн байна гээд бүтэн сайн өдөр шийдвэрээ гаргачихсан байгаа.
Монголын үндэсний телевизээр нэвтэрч байгаа Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ын захиалгат нэвтрүүлгүүд ажлын хэсгийнхний тохиролцоонд зарим талаараа саад учруулж байгаа гэнэ. Гэвч чуулганы хуралдааныг маргааш дахин завсарлуулахгүйгээр УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх бололтой.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button