Монголын спортын Гиннес-ийн алдартнууд

Ч.Дамдиншарав Токио-1964, Мехико-1968, Мюнхен-1972 олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд тамирчнаар, Москва-1980, Сидней-2000 олимпийн наадамд Монгол улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар оролцож байжээ. Тэрбээр зургаа дахь удаагаа өнөө жил Афины наадамд мөн л шигшээ багийнха ахлах дасгалжуулагчаар оролцож, нэгэн дээд амжилт тогтоож байна.
Ч.Дамдиншаравын төрсөн дүү, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох Сөүл-1988, Атланта-1996, Сидней-2000-д жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, Барселон-1992 онд Монголын баг тамирчдын ахлагчаар оролцож байжээ. Афин-2004-т жүдогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар оролцоно.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх Токио, Мехико, Мюнхен, Монреаль, Москвагийн олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд тамирчнаар өрсөлдөж, 1972 оны Мюнхений олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм.
Гавьяат тамирчин Ц.Дамдин 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсны дээр Сөүл-1988, Барселон-1992 олимпод жүдо бөхийн шигшээ багийн туслах, ахлах дасгалжуулагч, Сидней-2000, Афин-2004 наадамд хүндэт зочноор уригдсан.
Гавьяат дасгалжуулагч Солийн Магсар, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат нар зуны дөрвөн олимпод оролцоод байна.
Хөдөлмөрийн баатар, гаьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин О.Балжинням, Ж.Ганболд, эмэгтэй жүдочин гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нар зуны олимпийн наадамд гурвантаа оролцоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийнхнээс МЇОХ-ны пресс-атташе Ж.Отгонцагаан өвөл, зуны олимпийн наадамд тус бүр дөрөв, нийтдээ найман олимпийн наадмыг газар дээрээс сурвалжилж дээд амжилтын эзэн болоод байна.
/Өнөөдөр, 2004, 08.11, 187/