Луиза Хей
Монголын ард түмний мянга мянган жилд хуримтлагдсан оюуны их өвийн гайхамшгийг баталсан Сайн явах санааных гэсэн нэгэн мэргэн үг байдгийг энд бас сануулъя. Луйза Хей чухамдаа энэ мэргэн үгийг л өөрийн болгож чадсан нэгэн билээ. Тиймээс та ч бас түүн шиг аз жаргалтай болж чадна.
Амьдралыг эерэгээр харж, өөдрөгөөр сэтгэж, өөрөө өөртөө туслах ухааныг зааж буй Луиза Хейн бүтээлүүдээс монгол хэлнээ орчуулан уншигч Танд хүргэж байгаадаа бид баяртай байна. Энэ ертөнцөд мэндэлсэн хүн бүр дахин давтагдашгүй эрдэнэ билээ. Уншиж болгоосон эрхэм Танд баярлалаа.
Өөрийгөө хайрла, амьдралаа цэгцлэ! Би өөрчлөгдөхийг хүснэ
Та мэдээж бүхнийг, бүх хүнийг өөрчлөхийг хүсч байгаа. Таны аав, ээж, дарга, найз, ах, дүү, хайртай хүн чинь, хажуугийн хөрш чинь, сайд, засгийн газар энэ бүхэн бүгд өөрчлөгдөж гэмээнэ таны амьдрал сайн сайхан болох юм шиг санагдаж байна уу? Yгүй дээ, энэ бол буруу зам. Ийм бодолтой явдаг бол та юу ч хожихгүй.
Сайхан амьдаръя, хөгжин дэвжие гэж бодож байгаа бол Та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой юм. Та өөрөө өөрчлөгдсөн цагт таны ойр орчныхон ч мөн хувьсан өөрчлөгдөнө.
Та өөрчлөгдөхийг хүсч байна уу?
Ийм хүсэл байгаа бол та бид хамтдаа Таны амьдралыг өөрийн тань хүссэнээр, сайн сайхнаар өөрчилье. Yүний тулд яах ёстой вэ? Та зарим нэгэн бодлоо өөрчил, зарим нэгээс нь бүр мөсөн татгалз. Ердөө л энэ. Амархан байна уу?
Амьдрал гэдэг бол угтаа их амархан зүйл. Бүтэц нь ч мөн энгийн. Бид юу өгнө түүнийгээ л эргүүлээд авна. Сайныг бодож сайныг хийвэл сайныг олно, мууг бодож мууг хийвэл мууг олно, гэхдээ таны хийсэн юм болгон, сайн нь ч бай, муу нь ч бай, танд эргэж ирэхдээ хэдэн арав дахин өсөж үржин ирдэг гэдгийг бүү мартаарай. Бидний амьдралд болж буй ямар ч үйл явдлыг, мууг нь ч тэр, сайныг нь ч тэр, бид өөрсдөө л даллан дууддаг.
Бидний бодол санаа бидний ирээдүйг цогцлуулдаг. Бидний бодсон бодол, хэлсэн үг бүр амьдралын маань аль нэгэн явдлын сэжүүр болдог. Амьдралаа бид ухаанаараа залуурддаг гэж ярьдаг. Тэгвэл ухаан гэж юу вэ? Бодол…, Санаа. Ердөө л бодол! Ухаан бодол юм. Бодлыг өөрчилж болно. Бодлоо өөрчилснөөр амьдралаа өөрчилж болно.
Зарим хүмүүс хувьгүй гэсэн нэгэн бодлыг сэтгэлийн угтаа тээж явдгаа анзаардаггүйдээ ихийг алддаг.
Нэгэнт энэ ертөнцөд хүн болж төрсний учир Та амьдралаас сайн сайхныг хүртэх зүй ёсны эрхтэй. Энэ зүй ёсны хүртэх эрх гэдэг бол хувьтай, хувьгүй, заяатай, заяагүй гэх ойлголтод огт хамааралгүй юм шүү. Тиймээс танд өөрөө өөртөө байгаа юмаа бий болгож, хувь заяатай Хүн гэдгээ мэдэрч сурахад тань туслах эхний дасгалаа толилуулъя.
Би хувьтай хүн
Дараахи асуултуудад аль болох дэлгэрэнгүй хариулаарай. Мөн та өөртөө шударга хандах ёстойгоо бүү мартаарай. Бичсэн хариултаа эргээд харахдаа та өөрийгөө хэр зэрэг хувьтай хүн гэж боддогоо мэдэж, заримдаа өөртөө шударга бус хандаж, хувь заяандаа гонсойж яваагаа ойлгох байх. Ямартай ч дараах асуултуудад хариулсны дараа та өөрийнхөө тэр бүр анзаардаггүй асуултын хариултыг ойлгож чадвал энэ дасгалын ач тус тэр болно.
-Танд байхгүй юмнаас Та юуг нь байлгамаар байна?
/Танд юу дутагдаж байна вэ? Хүссэн зүйл чинь тодорхой байх ёстой оюун ухаан, сэтгэл санаа, хайр дурлал, эд баялаг, ер юу ч байж болно. Харин тайлбарлаж бичихдээ дэлгэрэнгүй, дүрслэлтэй, тодотголтой байх нь чухал/
-Аливаа эрх, хүртээлийн талаар танай гэр бүлд ямар зарчим, журам байдаг байсан бэ?
/Чамд ямар хүртээлтэй юм?, Ямар гавьяатай юм? гэж аав ээж чинь загнадаг байсан уу? Аль эсвэл Ийм юм хийвэл ингэж шагнана, Тэгвэл чинь ингэнэ шүү гэх мэтээр хариу-бариутай юм шаарддаг байсан уу? Ямар нэг буруу зүйл хийсний чинь төлөө таны хүртэх ёстой байсан зүйлийг танд өгдөггүй тохиолдол байсан уу?/
-Та өөрийгөө аливаа юмыг хүртэх эрхтэй, хувьтай гэдгээ мэдэрдэг үү?
/Энэ асуултыг асуухад танд хамгийн түрүүн ямар бодол төрж байна? Хожим, хэзээ ч юм би ийм хувьтай болох байх даа..?, Би эхлээд үүнийгээ өөрөө хөдөлмөрлөж олох ёстой гэх мэт бодлууд төрж байна уу? Та үнэхээр ийм хувьтай байх сайн хүн мөн үү? Хэзээ нэгэн цагт та ийм сайн болох болов уу?/
-Та Амьдрах хувьтай /эрхтэй/ хүн мөн үү?
/Яагаад? Яагаад үгүй гэж? Танд хэзээ ч юм Чи үхэх хувьтай хүн мөн үү? гэж хэлж байсан уу? Хэрвээ тийм тохиолдол байсан бол энэ нь таны шүтдэг шашны сургаал, хүмүүжил, мөн чанартай холбоотой юу?/
-Та юуны тулд амьдардаг вэ?
Таны амьдралын утга учир юунд байна? Та өөртөө амьдралын ямар зорилго тавьсан бэ?
-Та юу хүртэх эрхтэй, ямар хувьтай хүн бэ?
/Танд Би баяр баясгалан, хайр дурлал, сайн сайхан бүхнийг хүртэх эрхтэй гэсэн бодол төрж байна уу? Эсвэл Би ч ямар ч хувьгүй хүн дээ гэсэн бодол хамгийн түрүүн орж ирэв үү? Яагаад? Та яагаад ингэж бодож байгаа юм бэ? Тэгвэл та энэ өөдгүй бодлоосоо салахсан гэж хүсч байна уу? Та өөр ямар сайн сайхан итгэл үнэмшлээр үүнийгээ солихыг хүсч байна? Энэ бүхэн бол зүгээр л бодол юм шүү, харин бодлыг бол өөрчилж болдог гэдгийг та битгий мартаарай./
Ингээд та өөрийгөө хувьтай гэж боддог уу, хувьгүй хүн гэж гутардаг уу гэдэг чинь тодорхой боллоо. Хэрвээ та өчүүхэн ч гэсэн зүйлд хувьгүй байна гэж боддог бол доорх тунхаглалыг өөртөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй.
Ямар эрхтэй, хувьтай вэ гэдгээ мэдрэх нь бидний хүч чадлыг ямар их өргөдгийг та мэдрэх болно. Yүнийг та өөрөө өөртөө зөвхөн итгүүлэх төдий биш зарлан тунхаглах хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд тунхаглал гэдэг бол ямар ч нөхцөл байдалд хуучин үзэл бодол, санаанаасаа салж, шинээр бодож сурах дадал, чадварыг бэхжүүлэх ач тустай зүйл юм. Ингэснээр та өөрийн бодол, сэтгэлийн ачаар хүссэн бүхэндээ хүрэх болно.
ТУНХАГЛАЛ БИ ХУВЬТАЙ ХYН
Би хувьтай хүн. Би энэ ертөнцийн бүх л баялгийг эзэмших эрхтэй. Ямар нэг, өчүүхэн
зүйлийг биш, харин энэ бүх сайн сайхныг хүртэх эрхтэй. Одоо би бүх л муу муухай, итгэл үнэмшилгүй бодлуудаа өнгөрсөн үедээ үлдээе. Би ээж аавынхаа надад тавьж байсан бүх л хориг саадыг надаас салан одохыг зөвшөөрч байна. Би өөрийн амьдарч буй нийгэмд тархсан ямар ч айдас, сэжиг, сүжигтэй ямар ч холбоогүй. Би үүнээс хойш өөрийг юугаар ч хориглохгүй.
Миний эрх чөлөө хязгааргүй гэж би бодно. Одоо би өөрийгөө цоо шинээр харахыг
хүсч байгаа оюун бодлынхоо шинэ орон зайд нэвтрэн орж байна. Би өөрийнхөө болон өөрийн амьдралын тухай шинэ бодол санааг бий болгохыг хүсч байна. Миний энэ шинэ бодол санаа шинэ бодит байдал болон хувирч байна.
Хязгааргүй олон янзын өргөн боломж миний өмнө нээлттэй байна. Би амьдрах, сэтгэл
хангалуун амьдрах хувьтай хүн. Би хайр дурлал, агуу их хайр дурлалыг амсах хувьтай хүн. Би эрүүл саруул явах хувьтай хүн. Би баяр баясгалан, аз жаргалтай байх хувьтай хүн.
Би үүнээс ихийг хүртэх эрхтэй. Би энэ ертөнцийг бүх л сайн сайхныг хүртэх хувьтай хүн. Энэ ертөнц бол миний шинэ итгэл үнэмшлээ тунхаглан зарлаж хүссэн бүхнээ хүртсэнээс ч хэмжишгүй уудам билээ. Тиймээс би энэ гайхамшигт амьдралыг байр хөөртэй, сэтгэл хангалуун, талархалтайгаар хүлээн авч байна. Яагаад гэвэл би ийм хувьтай хүн. Би энэ бүгдийг энэ чигээр нь хүлээн авч байна. Би үүнийгээ ч мэдэж байна.