СТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг Амьдралын жорыг хүн өөрөө найруулдаг

Шинэхэн бүтээлийнхээ нээлтийг хийгээд амсхийх зайгаар нь түүнтэй уулзсан юм. Угаасаа ярилцсан сэдвээс маань болоод ч тэр үү, илэн далангүй, хөгжөөнтэй яриа бидний дунд өрнөлөө. Уншигчид түүний олон сайхан дүрийг мэднэ. Дусал нулимс юу гэж хэлсэн бол? кинонд эхээс төрснөөрөө гарч бүсгүй биеийн сайхныг шагшуулж байсныг нь ч санаж байгаа биз. Өөрийгөө хүндэлдэг бүсгүй хүний гэгээн бардамналыг илтгэх алаг нүд нь нууцхан гунигтай мэт харагдах түүний яриаг уншигч танд хүргэе.-Танд баяр хүргэе. Шинэ бүтээлийн нээлтийн дараа сэтгэл хангалуун байгаа биз дээ?
Баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Хэдэн өдөр, шөнө нойргүй бэлтгэл хийлээ. Тайз олдохгүй, дандаа шөнө сургуулилаад.
-Ядарч байна уу? Та ядаргаагаа яаж тайлдаг вэ?
-Өчигдөр нээлт их сайхан болсон. Сэтгэл хөөрөөд. Одоохондоо амрах тухай бодоогүй л явна. Уг нь сайхан унтаж амрах хэрэгтэй л дээ. Хэд хоногоос зав гарах байгаа.
-Сурталчилгаанд авахуулсан зургууд тань сайхан гарчээ. Жүжигчдээс хамгийн олон удаа нүцгэн зургаа авахуулж, хамгийн олон кино, жүжгэнд эротик дүрд тоглосон хүн та байх?
-Харин тийм. Одоо бас гайгүй ээ, сурчихаж. Ямар сайндаа жүжгийн рекламны зураг авахуулах гэсэн Туул /О.Энхтуул/ маань урд нь кинонд нүцгэн тоглож байснаас эрэгтэй хүнтэй хамт эротик зураг авахуулж байгаагүй, ямар эвгүй юм бэ, Алив Эрка, чи нэг поз моз заагаадхаач гээд хөхөрч унаад байх вэ. Жүжигчин хүний хувьд бол найруулагчийн үг хууль шүү дээ. Надад дүр өгсөн найруулагч нар Эрдэнэцэцэгийг нүцгэлж байвал болдог юм шиг байгаа юм. /инээмсэглэв/ Яах вэ, эмэгтэй хүний гоо сайхныг харуулахад миний типаж /төрх/ зохидог юм байлгүй гэж би боддог л доо.
-Та Тэнгэрийн сахил кинонд тоглож байснаасаа өөрчлөгджээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэхэд чинь хүүхдээрээ, дөнгөж 22 настай, 1-р курсийн оюутан байлаа ш дээ.
-Кинонд нүцгэн тоглох хэцүү байх даа?
-Хэцүү. Би Тэнгэрийн сахил-д тэгж нүцгэн тоглоно ч гэж бодоогүй. За чи зурганд явна аа гээд л явсан хэрэг. Анхны дүр болохоор би их хайртай. Тэнгэрийн сахил чинь улсын төсвөөр хийгдсэн сүүлчийн кино шүү дээ. Бид Эрдэнэдалай дээр ирж хоноод өглөө босоход 20-р тогтоол гараад бүх юм өөрчлөгдчихсөн байж билээ. Аймаар, итгэмээргүй ч юм шиг… Чамд энэ кинотой холбоотой юм ярих уу? Эртээр Гандан дээр хамбын туслах Бүрнээ тааралдаад Би таныг киноны зураг зуруулсан нөгөө хадан дээр авч очноо. Нутгийн лам нар тэр хадыг тахиж ном уншсан. Тэрнээс хойш тэр хавь айл амьтан нутагладаг их сайхан болсон гэж хэлсэн. Би бүр баярлаад. Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс нэлээн хойно байдаг газар байхгүй юу. Биднийг зураг авах гээд очиход гүйдэл мүйдэлтэй гээд хүн амьтан бараг явдаггүй, зэлүүддүү нутаг байсан.
-Таны биен дээр бурхан зурдаг хэсгийг хаана авсан юм бэ?
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Yнстийн хийд гэдэг газар авсан. Тэр үед ном хурахаа болиод эзгүйрчихсэн газар байсан. Хүйтэн гэж яана. Yстэй дээл нөмрөөд суухад чичрээд байхад би нүцгэн зургаа авахуулах болсон доо. Тэнд зураг авна гэдгийг сонсчихоод сумын залуус хийдийн дээвэр дээр нууцаар гараад хараад хэвтэж байсныг би мэдээгүй. Мэдсэн бол ичээд зургаа авахуулахгүй гээд бөөн юм болно л доо.
-Ногоон дарь эх шивүүлээд нулимс урсгаад сууж байдаг хэсгийг хараад би ямар гоё биетэй эгч вэ, ямар зоригтой юм бэ? гэж бодож байж билээ. Эротик зураг авахуулахад зориг хэрэгтэй байх даа?
-Хүмүүс дараа нь, чиний тэр зураг үнэхээр дарь эх шиг санагдсан. Сайн байна, сайхан дүр болж гэж хэлэхэд би их баярласан. Зарим нь, хөх чинь яг уран зохиолд гардаг нөгөө хөмөрсөн аяга шиг хатуу бумбагар юм аа ч гэж байсан. Эротик зураг авахуулахын хувьд зориг гээд байх ч юу байх вэ. Нэгдүгээрт мэдээж ажил юм чинь. Хоёрдугаарт бусдад хэрэгтэй гэж бодсон болохоор л тэр. Манай нэг эмч найз гуйсаар, панаалдсаар байгаад хөхний дасгалын тухай телевизийн нэвтрүүлэгт намайг нүцгэн авахуулсан юм. Тэрийг зурагтаар гарсны дараа эмэгтэйчүүд хөхөө ирж үзүүлэх, зөвлөгөө авах нь эрс нэмэгдсэн гэсэн. Тэхээр би өөрийгөө хүнд хэрэгтэй юм хийжээ гэж бодсон доо.
-Таныг сонин хэвлэлийнхэн их ээрүүлддэг үү?
-Тэгнээ. Сая жүжгийн үеэр юу болов оо л гэмээр байлаа. Есөн шидээр нь бичнэ шүү дээ. Тэр болгоныг тоогоод байвал мэдрэл муудах байлгүй. Гэхдээ худал, буруу зөрүү мэдээлэл хэцүү л дээ. Бусдад бидний тухай буруу сэтгэгдэл төрүүлчихдэг.
-Та эрчүүдтэй хэр харьцаатай байдаг вэ?
-Надад олон сайхан эрэгтэй найз бий. Жинхэнэ утгаараа найз шүү. Хэрвээ би тэр хүнтэй хайр сэтгэл, сексийн холбоотай байхгүй гэж бодвол шууд, за хө найз аа гээд л харьцчихдаг. Тэхээр нөгөө хүн яаж ч чаддаггүй л дээ. Манай найз нар Чи эрчүүдтэй адилхан эр хүн шиг л мөрөн дээр нь алгадаад ёстой нөгөө ноцолдох уу гээд байхаар чинь хүн яаж чамд халдах юм гэдэг.
-Янз бүрийн санал тавих хүн бишгүй л байдаг байлгүй? Та эрчүүдтэй хэр илэн далангүй байж чадах вэ?
-Мэдээж, эргүүлэх, элдэв юм хэлэх, эсвэл үнэн сэтгэлээсээ хайр сэтгэлээ илчлэх хүн ч байдаг. Бурхан минь, жүжигчин гэдэг чинь баргийн хүнд заяадаг ажил биш шүү. Энэ мэргэжил, нэр алдрыг цэвэр сайхан авч явах ёстой. Нэр төртэй, сайн сайхан эрс сэтгэлээ илчлээд ирж байсаан. Хүмүүс салгаад суу, өөрийнхөө аз жаргалын төлөө тэмц… энээ тэрээ гэдэг л юм. Надад гэр бүл салгаж, хүүхэд өнчрүүлэх бодол байхгүй. Эрчүүдтэй харин тийм ч илэн далангүй биш шүү. Ер нь тэдэнтэй нийтлэг сэдвээр ярилцахад л болно доо.
-Та яагаад нөхрөөсөө салсан юм бэ? Хүү чинь өнчрөөгүй гэж үү?
-Өөр хүүхэнтэй болсон болохоор нь л салсан. Би мэдчихээд өөрөө За би явъя даа гээд л яваад өгсөн. Түүнээс бидэнд хэрэлдэж муудалцаад байсан юм огт байгаагүй. Хүүгээ би өнчирсөн гэж боддоггүй. Аав нь хүүдээ амь шүү дээ. Бямба, ням гаригт хамт ууланд гарна, цанаар гулгана. Өөрөөсөө өчнөөн урт мэргэжлийн цана үүрээд л аавтай гулгалаа гээд явдаг. Бид хоёр салсан ч сайн найз нар. Намайг хүндэлдэг, сайхан харьцаатай байдаг. Би салахдаа ганц л юм хэлсэн. Чи одоо энэ бүсгүйтэйгээ л хамт байгаарай, дахиж өөр хүн битгий гомдоогоорой гэж.
-Таны нөхөр сайхан залуу, сайн хүн байсан гэсэн. Та харамсаагүй юу?
-Yгүй дээ. Дараа нь нөхөр маань эргэж сууя гэж байсан. Би зөвшөөрөөгүй. Хэрэггүй юм бол хэрэггүй л байдаг юм шүү дээ. Тэгж сэтгэлдээ толботой хамт байж яах юм. Би салсандаа харамсаагүй… Харин ч энэ явдал намайг хурцалж, шарыг минь хөдөлгөсөн.. Би ганцаараа ч бай хүний доор орохгүй гэж зүтгэсэн. Богино хугацаанд олон кино, жүжгэнд тоглож өөрийгөө хэн болохыг, жүжигчин гэдгээ харуулж чадсан гэж боддог. Ер нь би за гэвэл ёогүй гэдэг шиг хүн гэхүү дээ. Нялцгануур занд дургүй. Гэхдээ хэрэгтэй, зөв юманд уян хатан байж сурах хэрэгтэй л дээ.
-Жишээлбэл?
-Жишээ нь, хүүгийн маань аав эхнэртэйгээ ирээд ажил дээрээс хүүг аваад явдаг юм. Манайхан Эрка, чи яаж чадаж байнаа? Танихгүй хүүхэнд хүүгээ өгөөд явуулчихдаг… гэдэг. Ийм үед би зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг үгийг санадаг. Тэгээд ч төрсөн аав нь юм чинь хамт байх хэрэгтэй ш дээ.
-Та дарс, пиво уудаг уу?
-Уулгүй яах вэ. Найз нартайгаа дотроо онгойтол яриад, инээлдээд суух сайхан ш дээ. Архи, дарсыг тохируулж уувал алжаал тайлагдана, сэтгэл сэргэнэ. Ганцхан хаана, хэзээ, хэнтэй гэдэг нь л чухал. Би чинь их номын, хуучинсаг үзэлтэй хүн байлаа. 30 хүрч байж, 1998 онд л анх пиво ууж баранд орж үзсэн гээд бод доо. Хүмүүс итгэдэггүй гээч.
-Би итгэж байна аа.
-Тийм үү? /инээв/
-Та одоо найз залуутай юу?
-Yгүй.
-Энэ чинь харин…?
-Итгэхгүй байна гэж үү? Би хоёр жил гаран ганцаараа байгаа.
-Та гэхдээ секс үгүйлдэг биз дээ?
-Мэдээж хэрэг сайхан секс үгүйлэлгүй яах вэ. Угаасаа секс хийлгүй удаад ирэхээр хүн уцаартай, ундуутай, өчүүхэн юманд хүртэл өөнтөгч болоод ирдэг. Уулзъя учрая гэх хүн зөндөө л байдаг. Санаанд нийцэх хүн таардаггүй юм аа. Би өөрөө эр хүнд санал тавина гэж хэзээ ч байхгүй. Тэгээд ямар надад сексийн партнёр хэрэгтэй байна гээд эрээд явалтай биш.
Ногоон дарь эхийн суудал амилуулсан бүсгүй
Би нэг юман дээр хатуу зогсдог л доо. Физиологийн шаардлагаа бодоод сэтгэлээ орхиж болохгүй гэж. Сексийг таалагдсан хүнтэйгээ, санаандаа таарах, тохитой, тансаг орчинд хийж байж л жинхэнэ амт шимт, гайхамшгийг нь мэдэрнэ. Түүнээс хэн тааралдсантайгаа, хаа хамаагүй л унтаж хэвтээд байвал тэр сайхан нь алга болчихно шүү дээ.
-Ер нь та сексийн асуудалд чанга хүн үү? Өөрийг тань хүндлээгүй бол сайн хандаж чаддаггүй гэж байсан?
-Угаасаа эмэгтэйчүүд энэ талд их тэвчээртэй, эрчүүдээс чанга шүү дээ. Зарим эрчүүд ганц бие хүүхнийг яасан ч яах вэ гэж боддог юм шиг байдаг. Би эмэгтэйчүүдийг шоглож өөнтөглөсөн эрд үнэхээр дургүй, хэзээ ч дотно найз нөхөд байж чадахгүй. Ер нь миний байдал нэг тийм, баргийн хүн нэг их халдаад байдаггүй ш дээ
-Таны гэр бүлийн хүмүүжил хатуу чанга байсан юм уу?
-Намайг зөв хүмүүжүүлсэнд нь би ээж, аавдаа их баярладаг. Би дарга хийдэг, их коммун хүүхэд байсан. Анагаахын дундыг улаан дипломтой төгсөөд л, эвлэлийн үзэл суртлын зааварлагч хийгээд л юу гэж бодно.
-Тийм үү, тэгээд яаж яваад жүжигчин, бүр секс символ болчихов оо?
-/инээгээд/ Бурхны зураг… Анагаахын дундыг онц төгсөхөд АУИС-д урилгаар ор гэж байлаа. Бас сайн ажилтан гээд миний нэр дээр Комсомолын дээдийн хуваарь ирлээ. Харин би зүтгэсээр, мөрөөдсөөр байгаад л жүжигчин болсон. Намайг жүжигчин болно гэсэн чинь манай аймгийн /Завхан/ ХЗЭ-ийн 1–р нарийн бичгийн дарга байсан Мишигжав гуай Чи Москва хотод сурахгүй энд багшийн дээдэд оръё гэж байгаа юм биз дээ? гэж уурласан юм даг.
-Бид хоёр сэдвээсээ хазайгаад эргээд ажил руу чинь орох нь. Таны сексийн чадварын талаар асуувал дургүйцэхгүй биз дээ?
-Би өөрийгөө сексийн ур чадвар муугүй гэж боддог ш дээ. Би таалагдсан хүнтэйгээ, аятайхан орчинд секс хийхдээ таашаал авч, жаргаж чаддаг.
-Хөх чинь сайхан хэлбэрээ алдаагүй юм байна? Хүүхдээ хэр удаан хөхүүлсэн бэ?
-Хөхний сүү татрахгүй удсан. Баруун талын хөх жилийн өмнө сүүтэй л байсан. Жаахан саахаар л ихэсдэг. Хүү маань өнгөрсөн жил 1-р ангид байхдаа хааяа хөхдөг байсан гээд бод доо. Хүүгээ багад нь хөхнөөс нь гаргах гээд их үзнээ. Тэгээд шөнө хэлээ хөхөөд байхаар нь өрөвдөөд л эргээд хөхүүлчихдэг байсан.
-Та яагаад дахиад хүүхэдтэй болоогүй юм бэ? Жирэмслэлтээс яаж хамгаалдаг вэ?
-Би анагаахын хүн болохоор эм, тарианд нэг их тэмүүлдэггүй гэх үү дээ. Календарь хөтөлдөг. Хамаагүй, эргэлзээтэй хүнтэй сексийн харьцаанд ороогүй тохиолдолд зөв мөрдөж чадвал биед элдэв нөлөөгүй жирэмслэлтээс хамгаалах хамгийн зөв арга гэж боддог. Бэлгэвч бага хэрэглэдэг. Итгэлтэй хайртай хүнтэйгээ учирч байгаа бол өвчнөөс хамгаалах шаардлага гарахгүй ш дээ.
-Та одоо хүүхэд төрүүлэх үү?
-Тэгэлгүй яах вэ? Нөхөртэй болбол шууд хүүхэд гаргана. Бүр хоёрыг ч гаргана гэж боддог юм. Хүүгээ ганцаардуулахгүй гээд би дүүгээ хоёр хүүхэдтэй нь гэртээ байлгаж байгаа. Манай хүү аавынхаа хүүхдэд /сүүлийн эхнэрээсээ нэг хүүтэй/ их хайртай. Ээж ээ, манай дүү намайг таниад байх шиг байна, би жижиг цанаа араас нь тайрч байгаад дүүдээ өгнөө гэж ярьдаг гээч.
-Та түрүүн бурхан минь гээд хэд хэлээдэхлээ. Хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй шүү. Буддын шашинг шүтдэг. Хүмүүс шүтэж байна гээд загвардаад байдаг. Би ямар ч юманд яг чин сэтгэлээсээ хандаж байвал жинхэнэ шүтлэг гэж боддог. Би шинийн 3, 5, 8, 15, 21, 29 гээд чухал өдрүүдэд заавал зул барьдаг. Энэ ч ээж аавын минь нөлөө л дөө. Манайх 1984 оноос өнөөг хүртэл 20 жил нэг ч орой зулгүй байж үзээгүй. Би гэртээ шүтээнтэй ш дээ. Манайд орсон хүмүүс пөөх, Эрка, би чинь ямар гээч хийдэд ороод ирэв ээ гэдэг юм. Миний үеийнхэнд тийм шүтээнтэй хүн цөөн байх аа.
-Бүсгүйчүүд бидэнд тохиолддог нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Хэн ч гэсэн алддаг. Би ер нь бүсгүйчүүдээ өмөөрдөг. Гэхдээ хүүхнүүд маань аар саархан юмнаас болж алддаг гэж санагддаг юм. Гэр бүл салалтын тухай гэхэд үнэхээр ийм амьдралд байснаас эртхэн салсан нь дээр гэмээр юм байдаг л даа. Гэтэл зарим нь залхуу, цамаанаасаа болж босгосон амьдралаа сүйтгэдэг. Зарим нь зүгээр л өөрийгөө гаргуунд нь хаядаг. Энэ бол бас алдаа юм шүү дээ.
-Одоо дөнгөж хайр сэтгэл, сексийн амьдралд хөл тавьж буй залууст юу гэж хэлмээр байна?
-Өөрийгөө сайн бэлдэж байж гэр бүлтэй болох хэрэгтэй гэдгийг залууст ойлгуулахсан гэж боддог. Амьдрал урт шүү дээ. Дөнгөж 17, 18-тай суугаад л хэдхэн сарын дараагаас зодолдож эхэлдэг. Тэхээр цаашдаа 50, 60 жил яах болж байна? Тэгж, ингэж амьдар гэсэн жор байхгүй ш дээ. Тийм болохоор хань, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадна гэж өөрийгөө дүгнэсэн цагтаа л амьдрал зохиох ёстой юм уу даа гэж боддог.
-Баярлалаа. Таныг удалгүй аз жаргалаа олно гэж итгэж байна.
-Баярлалаа. Ийм хэвлэл гарах гэж байгаад би их баяртай байна. Хүмүүст тус болох, мэдлэг, мэдээлэл түгээх сайхан санаачилга гаргасан та нарт амжилт хүсье.
Түүнтэй ярилцаад салж явахад FM радиогоор түүний үгийг нь бичсэн дууг Ариунаа дуулж байлаа. Эрдэнэцэцэг одоогоор 6 дууны шүлэг бичсэн. Чимээгүй шөнө жүжгийн дуунд бичсэн шүлэгт нь УГЖ Энхманлай ая хийсэн нь энэ юм. Тэр тун ч хөдөлмөрч. Өөрөө зохиолоо бичиж, санхүүжүүлж 2 ч кино хийсэн. Ийм л нэг эгэл бүсгүй. Амьдралын эрээн барааныг инээмсэглээд өнгөрөөх сэтгэлийн хаттай нэгэн. Анх уулзсан хүнд их зантай ихэмсэг харагддаг ч элгэн цаанаа эмзэг, уяхан сэтгэлтэй жүжигчин. Их урлагийн дэлгэцнээ эрхэмсэг Ногоон дарь эхийн суудалд заларч бүрэлбаа нь болсон гоо үзэсгэлэн.
Ярилцсан Н.НОМУНБИЛЭГ