Гэрлэлтийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал

Эдгээр зохицуулалтын дотор гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах, түүнтэй холбогдон хүүхдийн асрамж, тэтгэлэг, хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлын талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангасан тохиолдолд шүүх хүлээн авч шийдвэрлэдэг.
2003 онд дүүргийн шүүхүүд нийт 8133 иргэний хэрэг хүлээн авч шийдвэрлэсний дотор гэрлэгсдийн хооронд үүссэн маргаантай 1210 хэрэг буюу 14.9 хувийг эзэлж байна. Гэр бүлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөв хэрэглэх, нэг мөр ойлгох явдлыг хангах зорилгоор Монгол Улсын дээд шүүхийн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоол гарч нэгдсэн практик тогтоосон хэдий ч энэ төрлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчингүй болох,
өөрчлөгдөх зөрчил арилахгүй байна. Шүүхийн шийдвэрлэсэн хэргийн шийдвэр хүчингүй болж өөрчлөгдсөн байдлыг Нийслэлийн дүүргийн шүүхийн хэмжээнд судалж үзсэний үндсэн дээр энэ төрлийн маргаантай хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй анхаарвал зохих зарим асуудлын талаар авч үзье.
Нэг.Хүүхдийн тэтгэлгийг зөв тогтоох талаар
Гэр бүлийн тухай хуулинд хүүхдийн тэтгэлгийг
а/ Гэрээгээр;
б/ Хуульд заасан хэмжээгээр тус тус тогтоож болох хоёр хэлбэрийг заажээ.
Гэр бүлийн тухайхуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тогтоож болно гэсэн заалтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан тэтгэлгийн хэмжээтэй хамааралгүй өөр ойлголт болно. Иймд эцэг эх гэрлэлт цуцлахдаа хүүхдийн зааснаар өөр хэлбэрээр тогтоож болох бөгөөд энэ талаар заавал гэрээ хийсэн байна.
Харин зохигчдын хүсэлтээр хүүхдийн тэтгэлгийг шүүх тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар; мөн хуулийн 40.1.2 дахь заалтад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод төвшингийн хэмжээгээр сард нэг хүүхдэд тэтгэлэг тогтоохоор заасан.
Тэтгэлгийн хэмжээг хуульд тодорхойлохдоо
Амьжиргааны доод төвшингийн 50 хувиар;
Амьжиргааны доод төвшингийн хэмжээгээр гэж тодорхойлсон нь хүүхдийн насны байдлаар шалтгаалан эдгээр хоёр заалтын аль нэгийг хэрэглэхээр заажээ.
Иймд сар бүр нэг хүүхдэд оногдох тэтгэлгийн хэмжээгээр нэгээс дээшгүй хүүхэд тус бүрд тэтгэлгийг тогтоосныг хариуцагчаас гаргуулах үйл явцад Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдиин тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заан хязгаарлалт тогтоосон.
Иймд олон хүүхдэд тогтоосон тэтгэлгийн хэмжээ нь нийлээд их болох тохиолдолд хуулиар хязгаарлалт тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд хамаарагдах асуудал учир шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заавал тусгасан байвал зохино.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтооход анхаарах асуудал
Хүүхдийн асрамжийн талаарх маргаантай асуудлыг шүүх тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт … хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх… асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан. Зохигчдоос гаргасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт нь шүүхийн шийдвэр гарах үндэслэл болно. Харин хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзан үзэж шийдвэрлэхдээ дараах шаардлагыг хангана. Үүнд
а/ Хүүхдийн саналыг авахдаа сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, нарийн мэргэжлийн хүмүүсийг байлцуулна.
б/Шинжээчийн дүгнэлт гаргуулна. Энэ ажиллагаа нь хүүхдиин асрамжиин асуудлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд чухал нөлөөтэй.
Гурав. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах ажиллагааг түдгэлзүүлэх талаар
Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хянан шийдвэрлэх явцад зохигчдыг эвлэрүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь заалтад зааснаар эвлэрэх хугацааг зааж, шүүгчийн захирамж гаргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт … түдгэлзүүлж, энэ
хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна гэж шүүхэд үүрэг болгожээ.
Улсын дээд шүүхийн 71 дүгээр тогтоолд …эвлэрүүлэх арга хэмжээ авна… гэсэн заалтыг тайлбарласнаар
-Гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах;
– Зөвлөгөө өгөх;
– Гэрлэлтийг цуцлуулах болсон шалтгаануудыг нарийвчлан судлах
– Шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулна гэж заасан байна.
Шүүхийн захирамжаар түдгэлзүүлсэн хэргийн хугацаа дуусмагц
а/ Зохиогчид эвлэрвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гаргаж, шийдвэрийн дугаар авна.
б/ Зохигчид эвлэрэх боломжгүй нь тогтоогдвол шүүх хуралдаанаар хэргийгхэлэлцэж, гэрлэлтийг цуцалж шийдвэр гаргана. Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэхээр шүүхээс хугацаа тогтоон түдгэлзүүлсэн хэрэгт уг хугацаа дуусмагц зохигчид шүүхэд хүсэлт гаргаагүй ч гэсэн шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шинэчлэн явуулж, эвлэрэх хүсэлт гаргаагүй бол гэрлэлтийг цуцалж, шийдвэр гаргах учир түдгэлзүүлсэн
хэргийг архивт шилжүүлэхгүй, түдгэлзүүлэх захирамж гаргасан шүүгч өөр дээрээ байлгаж заавал эцэслэн шийдвэрлэж байх шаардлагатай юм.
Дөрөв.Гэрлэгчдийн дундын эд хөрөнгө хувааж шийдвэрлэх талаар
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт …дундын эд хөрөнгө хуваах тухай тохиролцож болно, мөн хуулийн 14.6 дахь хэсэгт … хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Иймд гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигч гаргахдаа
1. Дундын өмчөөс өөрт оногдох хэсгийг авах эсэх;
2. Энэ талаар зохигчид тохиролцсон тухай нэхэмжлэлийн шаарлагад заавал тусгасан байх шаардлагатай байна.
Иймд гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөний талаар дээрх хоёр асуудлыг нэхэмжлэлд тусгаагүй бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болно.Энэ шаардлага нь гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд, гэрлэлт цуцлах шалтгаан, насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгөний талаарх асуудал зэрэг нь бүгд хоорондоо хамааралтай цогц ойлголтоос үүдэн гардаг учир гэр бүлийн хэргийн онцлогоос шалтгаалж хууль тогтоогч дээрх шаардлагыг тавьжээ.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн
хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 126.1 дахь хэсэгт хамтран өмчлөх дундын өмчинд хамаарагдах хөрөнгөний талаар тус тус заасан.
Энэ заалтыг гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болон зарим тохиолдолд
нөхөрлөл, компанийн дүрмийн санд зохигчийн оруулсан хөрөнгөтэй хольж ойлгох
тохиолдол гардаг. Мөн гэрлэснээс хойш хугацаанд гэр бүлийн гишүүн гэр ахуйн ажил эрхэлснээс шалтгаалан тодорхой ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, хүүхэд асрах, өвчтэй байх зэрэг байдал нь хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс хувааж авах эрхэнд нөлөөлөхгүй.
Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хуваах талаарх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл орон сууц, хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг а/ Бусдад шилжүүлэх; б/ Худалдах; в/ Бэлэглэх; г/ Захиран зарцуулах эрхийг хориглосон шүүгчийн захирамж гаргана.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хувьчлагдсан болон
хувийн орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг хуваах талаарх маргааныг шүүх шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилж буй орон сууцны хууль ёсны
өмчлөгчийг тогтоох, тухайн хөрөнгөний зах зээлийн үнэ нь бодитой байх шаардлагыг
хангах, орон сууц болон үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр гэр бүлийн
гишүүний хэн нь үлдэх зэрэг асуудлыг нягтлан шалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
үнийн комиссын дүгнэлт зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтанд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг.
Гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгөний
өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэхдээ уг эд хөрөнгө өөр хүний өмчлөлд байх буюу эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгөний гэрчилгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг зохигч гаргавал эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар өөрийн нь хүсэлтээр эсхүл шүүх санаачилгаар оролцуулах ёстой.
Нийслэлийн шүүхийн шүүгч Л.Бямбаа