Жүжигчин Г.Эрдэнэбилэг Сексийн эрхэм нандин нь зөв харьцаа, энхрийлэл юм
Хожмоо зурсан зургаараа үзэсгэлэн гаргаж, хүний сэтгэлийг байлдан дагуулсан гайхамшигт бүтээл хийх нууцхан мөрөөдөлтэй, түүндээ хүрэхээр эцэж цуцашгүй хөдөлмөрлөнө гэж тэр хэлсэн юм.
-Шинэ жүжигт тоглох болсонд баяр хүргэе. Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-Найруулагч Болд намайг шинэ уран бүтээлдээ тоглооч гээд би жүжгийн гол дүрийн бүсгүйн хайртай залуугийн дүрд тоглохоор сургуулилтанд ороод байна.
-Монголд анхны стриптиз жүжиг гэж Болд найруулагч хэлж байсан?
-Тийм ээ. Монголд анх удаа эмэгтэй жүжигчин бүрэн тайчих жүжиг л дээ. Хамтран тоглогчоос маань их зориг, тэвчээр шаардаж байгаа. Минийх бол зүгээр л тэр бүсгүйг хайрлаж явдаг энгийн залуугийн дүр.
-Огт хамаагүй хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болж тоглоно гэдэг хэцүү юу?
-Мэдээж. Би амьдрал дээр тэр хүнийг сайн мэдэхгүй. Жүжгэн дээр дурлахаас амьдрал дээр дурлах нь сайхан. Миний хайртай бүсгүйгээ мэдэрч байгаа, хэлж байгаа үг чин сэтгэлээсээ гарна. Намайг юу ч хорихгүй, би өөрөөрөө л байна. Гэтэл жүжгэн дээр хэцүү. Жүжигчин хүн тайзан дээр худлаа тоглож болохгүй. Тэхээр дүрдээ орохын тулд, нэг үгээр бол ажлаа сайн хийхийн тулд надад буюу миний тоглож буй залууд таалагдаж болох зан чанаруудыг хамтран тоглогчоосоо олж харахыг хичээнэ. Би ийм зан араншинтай, үзэл бодолтой хүнд дурлаж болох уу гээд л задлаад ярина даа.
-Дурлалт хархүүд тоглосон дүр болгон чинь ялгаатай юу?
-Тийм ээ. Хүний амьдралд янз янзын хайр байдаг. Жүжиг амьдралаас урган гардаг болохоор тэр янз бүрийн хайр нь уран бүтээлд ч байна л даа. Шөнө дундын бүжиг, Дурлахыг хориглоно жүжгүүдэд миний бүтээсэн дүрүүд харилцан адилгүй, нэг нь ширүүн, догшин, нөгөө нь зөөлөн, уян хайр. Одоо бүтээх дүр маань ч өөр болох ёстой. Жүжигчин хүн тайзан дээр нэг л юмаа давтаад байж болохгүй.
-Та сүүлийн үед хоорондоо төстэй хэдэн клипэнд тоглолоо. Одоо ямар клипэнд тоглох гэж байна?
-Нэлээн санал ирсэн. Гэхдээ тодорхой учир шалтгааны улмаас би одоогоор ямар ч клип, рекламанд тоглохгүй.
-Ямар гэдгийг асууж болох уу?
-За., энэ миний ажил, хувийн асуудал учраас хариулмааргүй байна.
-Та ер нь өөрийнхөө тухай ярих их дургүй хүн. Ажаад байхад сэтгүүлчдийн шууд асуултаас их бултах юм аа?
-Би хувийнхаа амьдралыг хэвлэл мэдээллээр дэлгээд байх дургүй. Зарим сэтгүүлчид дэндүү хувийн амьдралын талаар асуудаг, тэгээд хэлсэн үгийг маань орвонгоор нь эргүүлээд биччихдэг юм. Энэ чинь үгүйдээ л хүний сэтгэл эмзэглүүлнэ, цаашилбал буруу зөрүү ойлголтонд хүргэнэ.
-Жишээ нь?
-Та анх хэзээ, хэнтэй секс хийсэн бэ?, шөнө хэдэн удаа секс хийж чадах вэ ч гэх шиг. Би ийм асуултанд огт хариулдаггүй.
Тэгээд ч миний хэнтэй уулзаж, шөнө орондоо хаашаа харж унтдаг нь олон түмэнд огт хэрэггүй ш дээ. Тийм болохоор массын дунджийг барьж нийтлэг хариулт өгөхийг хичээдэг.
-Та зурган дээр ширүүн харцтай гардаг. Yзэгчид таныг их догшин, хатуу хүн гэж төсөөлдөг юм билээ?
-Магадгүй ээ. Би бас дуугүй талдаа л даа. Харин театртаа бол номын номхон хүний тоонд орно байх шүү.
-Таны гэр бүлийн хүмүүжил үүнд нөлөөлсөн байх даа?
-Би эхээс дөрвүүл, хоорондоо эвтэй, дөлгөөн, тайван орчинд өссөн, хатуу үг бараг сонсож байгаагүй. Манай гэрт ширүүн, хэрүүл маргаантай уур амьсгал байгаагүй. Тийм болохоор би зөөлөн талдаа хүн ш дээ. Харин өөрийгөө хатуу байлгах гэж боддог, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй болох гэж хичээдэг болохоор тийм хатуу ширүүн харагддаг байж болох юм аа.
-Та ууртай юу? Уурлахаараа яадаг вэ?
-Yргэлж уурлахгүй ээ. Нэг уурлавал харин хэцүү дээ. Гэхдээ тэр болтлоо удна.
-Ер нь та ямар хүүхэд байв?
-Ерөнхийдөө томоотой, юм юм сонирхсон хүүхэд байсан. Хөвгүүдийн адил жилдээ 2-3 зодоон хийлгүй л яах вэ. Бүжиг бүжиглэх гэж үзнэ. Одод болох хүслэн мэтийн тэмцээнд орж байсан гээч. /инээв/ Бас зураг зурна, юм оёно…
-Та оёдол хийдэг юм уу?
Би цэргийн оёдлын үйлдвэрийн захиалга хувцасны тасагт нэг жил ажилласан. Их сургууль төгсөхдөө пиджакнаас бусад цамц, өмд, хантааз бүгдийг нь өөрөө оёж байлаа.
-Та зарим хамтлагийн бүжиг дэглэлтэнд оролцож байсан гэлүү?
СУИС-д байхдаа. Камертон-ы Хувьсал, Уруулын будаг-ийн тоглолтын бүжгийг бие дааж хийсэн. Спайк хамтлаг гэж байхад тэдэнд тусладаг байсан.
-Хүүхэд байхдаа таалагдсан охиноо өдөх гэж ямар алхам хийдэг байв?
-Барьж аваад цасаар нүүрийг нь угаана, гэзэгнээс нь чангаана гээд бусдын л адил. Уг нь таалагдах гэж байгаа царай нь. Манай ангид бүр өөртөө таалагддаг охины гэзгийг шатааж хайраа илэрхийлсэн явдал гарч байлаа. Харамсалтай нь юун сэтгэл татах, бөөн хэрэг мандана биз дээ. /инээв/
-Та бусдын нүднээс далдхан байх дуртай гэлээ. Хүмүүс жүжигчдийг хормой сул, задгай амьдралтай гэдэг. Гэтэл жүжигчин хүнд нуугдаж явах бололцоо бага ш дээ?
-Харамсалтай нь тийм шүү. Нэг талаар хүн хүндлээд сайхан л хэрэг. Нөгөө талаас алхаа гишгээ хүртэл хэмжээтэй, өөрийнхөөрөө байж болохгүй хэцүү. Намайг найз нартайгаа нэг газар сууж жаахан хөгжөөд гарч явахыг харвал … нөгөө жүжигчин Эрдэнэбилэг чинь авах юмгүй архичин юм байна лээ… гээд л гуйвуулаад бичиж гарна. Гэхдээ яая гэх вэ. Тэсэх л хэрэг. Жүжигчин болсон маань бурхны зураг…
-Ямар сонин юм бэ? Яагаад жүжигчин болсон бэ гэдэг асуултанд би олон хүнээс яг ийм хариулт авдаг. Бурхны зураг гэж… Та бурханд тийм шүтлэгтэй хүн үү?
Тийм айхтар шүтлэгтэй ч биш л дээ. Ер нь бараг шүтлэггүй талдаа. Гэхдээ хүн ямар нэг юманд итгэж, биширч явах ёстой биз дээ?
-Та чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Бидэнд чөлөөт цаг гэж бараг гардаггүйг мэддэг хүн ингэж асуухаар чинь…. Миний чөлөөт цаг гэвэл бодибилдингээр хичээллэх гэж арай гэж олж байгаа ганц цаг л байх шив дээ. Харин гэртээ байхдаа Fashion ТВ үзэх дуртай.
-Загвар өмсөгч болохыг хүсч байсан юм биш биз дээ?
-Yгүй ээ, харин загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан. Өөрийгөө гайгүй зурдаг гэж боддог. Ээж маань их дэмждэг, анхаардаг байсан. Би чинь СУИС-ийн дурслэх урлагийн сургуульд орох гэж яваад сэтгэл урваж жүжигчний ангид орсон хүн байхгүй юу.
-Гэнэт гарсан шийдвэр хүний амьдралд хүчтэй нөлөөлдөг юм шиг санагддаг. Та жүжигчний ангид тэнцсэнээ сонсоод баярласан уу?
-Тэгэлгүй яах вэ? Манай ангийн Баясаа, /Тайчигч хөвгүүд, саарал гудамж-ийн клипэнд тоглосон/ 1-р хороололд, би 10-р хороололд амьдардаг байхгүй юу. Бид хоёр дүнгээ сонсчихоод сэтгэл хөөрөөд, төв замын яг голоор дуу аялаад алхаад байсан. Машинууд сигналдаад л тойрч өнгөрөөд байгаа юм чинь.
-Өөр та юунд баярладаг вэ?
-Хүн болж төрсөндөө. Тэгээд Монголд төрсөндөө Амьтан бол яах вэ, байгалийнхаа жамаар амьдраад л, заримыг нь бид идээд л Харин хүн гэдэг бол өөрөө гайхамшиг. Яаж энэ үйлдвэр, телевиз, компьютер, театрыг байгуулж, яаж ийм сайхан жүжиг, хөгжим зохиож байна аа?
-Нэгэнт сонины маань чиглэл, тэгээд хүний тухай ярилцаж байгаагийн хувьд хайр сэтгэл, гэр бүлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та гэр бүлтэй юу?
-Бий. 3 жил болж байна.
-Секс хүний амьдралд хэрэгтэй юу?
-Ингээд л эхэлдэг байхгүй юу? Мэдээж хэрэгтэй. Тэр бол хүний амьдралын нэг том утга учир болсон үр удмаа үлдээх эрхэм зүйл юм чинь. Секс бол хүний амьдралын салшгүй хэсэг.
-Тэгвэл сексэд хамгийн чухал юм юу вэ?
-Миний бодлоор сексийн хамгийн эрхэм нандин нь зөв харьцаа, энхрийлэл байх ёстой. Энэ бол хоёр хүний сэтгэлийн асуудал. Түүнээс энэ тухай хүн бүхэнд ярьж тунхаглаад байх зүйл биш. Угаасаа бусдыг хоосон дуурайх эсвэл хэн нэгэнд сургаж дүрэмдэх дэмий л байхгүй юу.
-Гэхдээ сексийн зөв хүмүүжил, боловсрол олгохын тулд хэлж ярих хэрэгтэй биз дээ?
-Мэдээж тийм л дээ. Би найз нөхөдтэйгөө сексийн тухай санал бодлоо хуваалцаж, тохиолдсон юмаа ярьж л байгаа. Гэхдээ сексийн ямар байрлал, орчин таалагдаж байна надад бусдад адил таалагдана гэж байхгүй ш дээ. Хүн, магадгүй 15,16-тай хүүхэд надаас Хэдэн настайдаа анх секс хийх вэ? гэж асуувал би хариулахгүй. Энэ чинь тухайн хүний өөрийн нь сонголт, амьдрал шийдэх асуудал.
-Та хүүхэдтэй болохоороо яаж хүмүүжүүлэх бол?
-Ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд хүүхэдтэй болох тухай алга л даа. Надад хийх юм их байна. Тэгж байгаад болно биз. Мэдээж хүүхэдтэй бололгүй яах вэ? Бид мэдэхгүй юмаа асуух, сэтгэлээ дэлгэх гэж хамгийн түрүүнд найздаа хэлдэг. Би хүүхдээ тэр хамгийн түрүүнд хандах найз шиг нь байж хүмүүжүүлнэ гэж боддог. Хүүхэд яагаад төрдөг юм бэ?, Би том болоод хэн болох вэ?, Хүүхэд ээжийнхээ хаанаас гардаг юм бэ? гээд хүүхдийн асуултанд томчууд худлаа хэлдэг биз дээ? Хүүхдэд худлаа ярьж, буруу мэдээлэл өгч болохгүй гэж боддог. Тэртэй тэргүй хүүхэд сонирхсон юмаа өөрөө олоод мэдчихдэг. Түүнийг нь зөв чиглүүлж өгөх л хэрэгтэй байх.
-Тэсэж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.