МоАХ Ц.Элбэгдоржийг дэмжив
Манай улс төрийн нэн шинэ түүхэнд тулгамдсан бодит нөхцөлд УИХ-ын шинэ бүрэлдэхүүн саад бэрхшээлийг давж зөвшилцлийн тодорхой түвшинд хүрснээр Их Хурлын бүтэц, улмаар Засгийн газраа байгуулах ажилд шуурхайлан орж буйд Монголын Ардчилсан Холбоо түмэн олныхоо хамт баяр хүргэн сайшааж байна.
Улс төрийн хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй бүрэлдлээр тусгалаа олсон ард түмний сонголт нь ирэх дөрвөн жилд улсын хөгжлийг хөтлөх Засгийн газар, түүнийг толгойлох Монгол Улсын Ерөнхий сайдаас онцгой хариуцлага шаардаж байна.
Олон талын ашиг сонирхлыг эвлүүлэн зохицуулж, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэн, улс төрийн хүчнүүд болоод нийгмийн үзэл бодол, уур амьсгалыг тэнцвэржүүлэн хадгалж, гадаад дотооддоо төр, засгийн нэр хүндийг өргөж чадах хүн гэж УИХ-ын гишүүд зөвшилцөн тохирч нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, МоАХ-ны хүндэт дарга Цахиагийн Элбэгдоржийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж буйг Монголын Ардчилсан Холбоо бүрэн талархан дэмжихийн хамт зөвшилцлийн үр дүнг бодит шийдвэр болгоход хүн бүр гар бие оролцон, хамтарч ажиллахыг бүх нам, эвсэл, бүлэг болон УИХ-ын нийт гишүүд, сонгогч олон та бүхэндээ уриалж байна. МоАХ-ны тэргүүлэгчид гэжээ.