Ургамлын гаралтай эм хэрэглэх нь ихэсчээ
Уламжлалт эм гаж нөлөөтэй юү?
Монгол орны эмийн хэрэглээний практикт сүүлийн үед уламжлалт эм нэлээд их хэмжээгээр хэрэглэдэг болжээ. Уламжлалт анагаах ухааны ном сударт 4000 орчим жор найрлага бичигдсэн байдаг гэнэ. Yүний 400 гаруй нь одоогоор манай оронд байдаг ба их, бага хэмжээгээр хэрэглэгддэг байна. Эдгээрээс Монголд хэрэглэхийг зөвшөөрсөн 86 жор найрлага байдаг аж. Уламжлалт эмийг ихэвчлэн өвс, ургамал, эрдэс, амьтан болон байгалийн гаралтай бодисыг ашиглаж бүтээдэг болохоор хүний бие махбодод харьцангуй зохимж сайтай байдаг ч түүнийг ямар нэгэн сөрөг нөлөөгүй мэтээр ойлгох нь буруу. Учир нь эм болдог бодис бүхэн буруу хэрэглэвэл хор болдог байна. Иймээс уламжлалт эмийг хэрэглэхдээ орчин үеийн шинжлэх ухааны эмийн нэгэн адилаар эмийн зохистой хэрэлээний зарчмыг баримтлах шаардлагатай.
Эмийн тунг бууруулах хэрэгтэй
Эмчлүүлэгчдийн далаас дээш насныхан 20 орчим хувьд нэгээс дээш гаж нөлөө илэрдэг байна. Гэтэл 30 хүртэлх насныханд энэ үзүүлэлт 3-10 орчим хувьтай байдаг гэнэ. Мөн өндөр настнуудын 40-өөд хувь нь эмийн шалтгаант эмгэгийн улмаас хэвтсэн байдаг болохыг судлаачид тогтоосон аж. Иймд өндөр настнууд эм хэрэглэхдээ эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай эсэхийг нягтлах, аль болох эм хэрэглэхгүй байх нь зохимжтой. Мөн эм хэрэглэхээс өмнө оношийг нь нарийвчлан тогтоолгох хэрэгтэй. Түүнчлэн урьд өмнө хэрэглэж байсан эмийн талаар эмчээс зөвлөгөө авч харшилтай, эсвэл зохимжгүй эсэхийг тогтоолгох нь зүйтэй.
Парацетамол хүний элэг, бөөрийг гэмтээдэг
Парацетамолийг халуун бууруулах болон өвдөлтийг намдаах зорилгоор эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг. Дэлхийн улс оронд тус эмийг бага тунгаар хэрэглэхийг зааварласан байдаг гэнэ. Парацетамолийн тунг хэтрүүлж хэрэглэвэл хүний элэг, бөөр гэмтдэг байна. Yүнээс гадна зүрхийг хямраах төдийгүй цохилтын хэмийг алдагдуулдаг аж. Тэр ч бүү хэл, нойр булчирхайг үрэвслүүлэхээс гадна бөөрний эдийг цочроох, хордуулах аюултай юм байна.
Витамин С-г өндөр тунгаар хэрэглэх нь хортой
Хүмүүс ханиад томуу хүрэхээрээ витамин С-г өдөрт хэдэн мянган милораммаар хэрэглэдэг. Гэтэл өдрийн тун нь 60 милограмм байдаг байна. Хүний эрүүл мэнд болон бие махбодод чухал үүрэг үйцэтгэж, дутагдвал ямар нэгэн өвчин эмгэг үүсдэг хэдий ч их тунгаар хэрэглэхэд хортой байх магадлалтай тул эмийн хэлбэрээр биш тэжээллэг нөхөх зэргээр хэрэглэх нь зүйтэй хэмээн профессор Рон Маугхан зөвлөжээ. Мөн витамин С-г их тунгаар хэрэглэх нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн зарим судлаачид үздэг байна.
/Өдрийн сонин, 2004, 08.14, 201/