Н.Энхбаярыг УИХ-ын даргаар сонгож, Ерөнхий сайдаас чөлөөллөө

Н.Энхбаяр УИХ-ын даргад нэр дэвшүүлж буйд талархлаа илэрхийлээд Ерөнхий сайдын албанаас чөлөөлж өгөх хүсэлтээ хамтруулан шийдүүлмээр байна гэв. Ингээд санал хураалтыг илээр буюу гар өргүүлж явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон 69 гишүүний 100 хувийн саналаар түүнийг УИХ-ын даргаар сонгож Ерөнхий сайдын албанаас чөлөөлөв. Тун шуурхай буюу ердөө л 20 минутын дотор асуудлыг шийдэж бага үдийн 12 цагт хурал даргалагч Д.Дэмбэрэл Н.Энхбаярт УИХ-ын тамгыг гардуулан өгөв. Тамгаа гардан авсныхаа дараа тэрбээр Ерөнхийлөгчтэй очиж гар бариад төрийнхөө далбаанаас адис авав. Тэгээд хэлсэн үгэндээ Засгийн газраа яаралтай байгуулах хэрэгтэй байна гээд УИХ Засгийн газрын үйл ажиллагааг хянах үүргээ ч биелүүлнэ гэж онцоллоо. Шинээр Ерөнхий сайд томилогдтол энэ үүргийг санхүү эдийн засгийн сайд Ч.Улаанд хариуцуулах саналтай байгаагаа тэр бас илэрхийлсэн. Түүний саналыг эрхэм гишүүд мөн л 100 хувийн саналаар дэмжлээ. Ингээд УИХ-ын баасан гарагийн хуралдаан өндөрлөв. Даваа гарагаас Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх ажээ. Учир нь УИХ-ын бүтцийг байгуулсны дараа Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцдэг ажээ. Бүр тодруулж хэлбэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдын асуудлыг заавал хэлэлцэх дүрэмтэй юм байна. УИХ-ын шинэхэн даргад МАХН-ын удирдах зөвлөл болон Эх орон-Ардчилал эвслийн гишүүд бараалхан баяр хүргэсний дараа Ерөний сайдын тамгаа санхүү эдийн засгийн сайд Ч.Улаанд хүлээлгэж өгсөн гэдгийг эцэст нь дурдъя.
Н.Энхбаяр 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1975 онд Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, 1980 онд ОХУ-ын Москва хотын утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан орчуулагч мэргэжлээр төгссөн. Орос, Англи хэлтэй. Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын эвлэлийн хороонд орчуулагч редактор, тасаг, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, Монголын орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд засгийн газрын гишүүн Монгол Улсын Соёлын сайд, 1992, 1996, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оноос МАХН-ын даргаар 1997-2000 онд УИХ-дахь МАХН-ын бүлгийн ахлагчаар 2000 оноос Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.

/өнөөдөр 2004-8-14 190/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button