Жүдочид ямар өрсөлдөгчидтэй учраа таарав
Эрэгтэй
Г.Дашдаваа (66 кг). Грекийн бөх Р.Вазагишвилитэй барилдана. Энэ бөх өмнө нь Гүржийн шигшээ багт барилдаж байсан юм. Г.Дашдаваатай хамт нэг хэсэгт ОХУ, Япон, Казахтан, Францын жүдочид хүч үзэх болжээ. Нийт 32 бөх энэ жинд барилдана.
Д.Сүлдбаяр (73 кг). Олимп, ДАШТ-ний хүрэл медалт Латвийн В.Зелонистай хүч үзнэ. Түүнтэй хамт нэг хэсэгт дэлхийн аварга В.Макаров (ОХУ), мөн Япон, Узбекистан, Францын хүчтэй өрсөлдөгчид оржээ.
Д.Нямхүү (81 кг). Эхний өрсөлдөгч нь Г.Артега (Куба). Мөн ДАШТ-ийн мөнгө, хүрэл медалт С.Ашванден (Швейцарь), олимп, ДАШТ-ий хүрэл медальт Н.Делгадо (Португал), ДАШТ-ийн мөнгөн медалт Л.Будолин (Эстони) нар түүнтэй хамт нэг хэсэгт хүч үзэх нь.
Ц.Очирбат (90 кг). Индонезийн К.Баютай барилдана. Түүний хэсэгт олимпийн мөнгө, ДАШТ-ийн хүрэл медалт Бразилийн Ц.Хонорато, Куба, Францын бөхчүүд байна.
Б.Одхүү (100 кг). Гүржийн Л.Чикарюлитай барилдана.
Эмэгтэй.
Х.Эрдэнэт-Од (57 кг). Эхний өрсөлдөгч нь Японы Кусанабэ. Энэ бөх 2000 оны олимпоос хүрэл медаль хүртэж байв. Мөн энэ хэсэгт олимп дэлхийн аварга И.Фернандес (Испани) байгаа. Манай бөх энэ алдарт тамирчинтай 2000 оны Сиднейн олимпод таарч эн тэнцүү барилдан, барилдаан дуусахад 15 секунд дутуу байхад гоомой мэхэнд өртөж ялагдсан билээ.
Э.Долгормаа (+78 кг). Өмнө нь дөрвөн удаа таарч гурав ялагдаж байсан Тайванийн Ли Сиэтэй эхэлж хүч үзнэ. Хэрэв ялбал Украины М.Прокофьеватай барилдах юм. Мөн энэ хэсэгт ДАШТ-ийн хүрэл медальтай Япон, ОХУ-ын хоёр бөх байна.
/өнөөдөр, 2004-8-14, 190/