Ц.Элбэгдоржийн нэрийг өнөөдөр өргөн барина

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад С.Ламбаа, Төсвийн байнгын хорооны даргад Р.Бадамдамдингийн нэрийг тус тус дэвшүүлжээ.УИХ-ын дэд даргад Ж.Наранцацралт, С.Оюун нарын нэрийг дэвшүүлсэн байна. Гэхдээ өнөөдөр Р.Гончигдоржийн нэрийг нэмж дэвшүүлж магадгүй болжээ. Ц.Элбэгдоржийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн барих гэж байна.
Өмнөх УИХ долоон байнгын хороотой ажиллаж ирсэн. Эвслийн бүлэг Нийгмийн бодлогын, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог, МАХН-ын тал Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороог авахаар урьдчилан тохирсон байна. Харин Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог хоёр тал шодож МАХН авахаар болжээ.
Цаашид шинэ Засгийн газрын бүтцэд тохируулан байнгын хорооны тоог арав болгож нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тэдгээрийг эвсэл, МАХН тав таваар нь хариуцаж авах аж. Эх орон-Ардчилал эвслийн мэдэлд Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн гэсэн уламжлалт байнгын хорооноос гадна Дэд бүтцийн, Хөдөөгийн хөгжлийн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн шинэ байнгын хороод очих бололтой. МАХН-ын тал Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн гэсэн голлох байнгын хороодоос гадна Байгаль орчны, Боловсрол, соёл, шинжлэх ухааны гэсэн шинэ байнгын хороодыг мэдэлдээ авах юм байна. Эдгээр байнгын хороодын цаана харьяа яамд нь байх тул аль тал ямар яамыг авах нь тодорхой болж байгаа юм.
УИХ-д бас таван дэд хороо байдаг. Эх орон-Ардчилал эвсэл Нутгийн өөрөө удирдах ёсны, Хүний эрхийн дэд хороог, МАХН Тусгай хяналтын, Төсвийн хяналтын дэд хороог харьяалах нь. Харин Ёс зүйн дэд хороог БНН-д хариуцуулах саналыг МАХН гаргаж байгаа бол эвсэл бие даагчдад өгье гэжээ.
/Өдрийн сонин, 2004, 08.17, 203/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button