Миний ард талд монгол ард түмэн байгаа гэдэгт би итгэлтэй байдаг

Энэ хүнийг уг үйл явдлын бэлтгэл ажилтай танилцахаар монголд дөнгөж ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.
-Бурхан багшийн чандарыг ингэж залах нь ямар ач холбогдолтой гэж үздэг юм бол?
-Бурхан багш бол өөрөө энэрэл нигүүслийн дээд болж заларсан оройн дээд шүтээн юм. Энэ ч утгаараа даян дэлхийд өнөө хэр нь бурхан багшийн айлдварууд 2500 жилийн тэртээгээс үнэ хүндээ хадгалсаар байгаа билээ. Бурхан багшийн чандрыг хадгалж байсан Тайланд, Мианмар, Шри Ланк зэрэг Бурханы шашинт орнууд нийлээд дэлхийн ард түмэнтэй хуваалцах үүднээс Бурхан багшийн чандар болох 12 ясны хэлтэрхий бүхий алтан суврагыг дэлхийн ЮНИСКО-ийг байгуулагад өргөн барьсан.
Энэ замбуулин хорвоо энх тайвнаар зэрэгцэн оршиж, энх амгалан, аз жаргалтай байх хүсэлтэй байдаг. Тийм болохоор улс гүрэн, ард түмэн бүгдээр дэмжиж бурхан багшийн чандарыг өөр өөрийн улс оронд залан авчирдаг.
-Та энэ үйл ажиллагааг яагаад ивээн тэтгэж монголд авчрах болсон бэ?
-Монгол орон бол бурханы шашинтай орон. Хүн амын дийлэнх нь бурханы шашныг шүтэж байгаа болохоор бурхан багшийн чандар залгах нь зүй ёсны хэрэг юм. Би өөрөө бурханы шашин шүтдэг, эртнээс монгол оронтой холбоотой бөгөөд одоо Непал улсад монгол улсын консулаар сууж байгаа. Тиймээс Бурхан багшийн чандарыг ийнхүү залах нь монгол ахан дүүсдээ сайн сайхан, сэтгэл хангалуун амьдралын бэлгэдэл болгон барьж байгаа буяны том үйл болно байхаа гэж бодож байна. Бурхан багшийн чандарыг авчирсанаар монгол оронд учирч буй гай тотгор бүхнийг зайлуулж ард түмэн олноороо даган баясах боломжийг олгох гэж би авчирсан юм.
Нөгөөтөөгүүр энэ замбуулин хорвоод нэгэн доор бурхан шашины холбоонд улс орон байгалийн элдэв гай гамшиг зовлон зүдгүүр, улс төр эдийн засгийн энэ их хямралыг арилгахын төлөө гээд олон янзын юм би бодсон юм. Yүний хамтаар бурхан багшийн чандарыг дагаад олон орноос томоохон бизнесмэн, улс төр нийгмийн зүтгэлтэн 350 гаруй хүмүүс ирнэ. Урилга хүргүүлсэн байгаа.Тэд Монгол орныг үзэж сонирхоно. Түүнчлэн бизнесийн хүрээнийнхэн хамтран ажиллах таатай боломжийг бүрдүүлэх байхаа гэж бодож байна.
-Ямар хүмүүс ирэх юм бол?
-Тайландын хааны удмынхан, дарга сайдууд, шилдэг томоохон бизнемтэнүүд гээд олон хүмүүс байгаа. Тэд нар монголд БУРХАН БАГШИЙН ЧАНДАР зална гэдгийг мэдэж байгаа. Миний урилгийг их баяртайгаар хүлээн авсан.
-Манай талын ажлыг ямар байгууллага хариуцаж байгаа юм бол?
-Бурхан багшийн чандар Монгол оронд ирж Монголын Буддын шашны түүхэнд мартагдашгүй үйл явдал болно. Тиймээс ч танай улсын төр засаг маш их дэмжлэг тулалцаа үзүүлж байгаад бид үнэхээр талархалтай байгаа. Мөн эндэх ажлыг Гүрэ Дава Ринбүүчи багш бүгдийг хариуцаж бэлдэж байгаа. Ажлын бэлтгэл, хамгаалалт зэргийг өндөр хэмжээнд бэлтгэж байна. Нээлтийн ажиллагаанд монгол улсын ерөнхийлөгч, Их хурлын дарга зэрэг улс төрийн өндөрлөгүүд ирнэ.
-Бусад орнуудаар дахин явахгүй хамгийн сүүлд монголд ирж байгаа гэж сонссон. Энэ нь ямар учиртай юм бол?
-Бурхан багшийн чандар Австри, Бельги, Бразил, Камбож, Чили, франц, Герман, Энэтхэг, Итали, Кенуя, Малайз, Нидерланд, Норвег, Шри Ланк, Швед, Швейцар, Тайланд, Их Британи, АНУ зэрэг нийтдээ 23 орноор явсан байна. Уг нь монголд хамгийн сүүлд авчираад зогсоосон гэсэн боловч амьдрал нь нэлэээн хүнд байгаа зургаан орон санал тавиад байгаа болохоор тэдний хүсэлтийг хүлээн аваад байгаа. Гэхдээ эцсийн шийд гарсан эсэхийг би сайн мэдэхгүй байна
– Энэ мөргөл манай оронд хэр удаан үргэлжилэх юм бол?
-Чандарыг маань дөчөөс тавин хүний бүрэлдэхүүнтэй баг авчирч байгаа. Монгол оронд арав хоногийн хугацаатай байна. Ирээд Гандан дэгчилэн хийд, Амарбаясгалан хийд, Зүүн хүрээрүү авч явж зална. 21, 22 нд ард түмэнд мөргөх цаг өгсөн.Мөргөлийн ёслөл Дуурийн театрт болно. Тэгээд 23 нд Гандан хийдэд, 24 нд Зүүн хүрээнд, 25,26 нд Хар хорин, 28,29 нд Амарбаясгаланд залаад 30 нд буцаад явна.
Бидний үйл ажиллагаанд танай засгийн газар маш их тусалж дэмжиж байна. Би өөрөө монгол хүн шиг бодож энэ ажилд хамаг хүчээ зориулан ажиллаж байгаа. Бид энэ ажилд бурханы шашиныг дэмждэг дэмждэггүй, шүтдэг шүтдэггүй хамаагүй бурхан багш нийт хүн төрөлхтний сайн сайхны амьдралын төлөө явж байсан учраас хэн ч гэсэн даган баясаж болно.
-Өмнө нь манай улсад Бурхан багшийн чандар ирж байсан энэ чандар дахин ирж байгаа юмуу? Түүнээс ямар ялгаатай юм бэ?
-Та их нарийн юм асууж байна шүү. Тэр чандар үнэхээр жинхэнэ чандар мөн байсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл бурхан багшийн чандар дэлхийн хориод оронд байдаг гэж үздэг. Энэ чандар бол дэлхийн ЮНИСКО-гоос сайтар шалгаж шинжилээд зөвшөөрсөн, өөрсдийн хамгаалалтанд авсан чандараа. Тиймээс би үүнийг авчирч байгаа юмаа.
-Яагаад бурхан багшийн чандар тийм олон оронд байдаг юм бэ? Чандарыг нь хуваагаад авчихсан юм уу?
-Yүнийг ярьвал маш урт түүх болно. Гэхдээ товчхон ярьвал Бурхан багшийн мэндэлсэн газар Лүнбинд нэг чухал зүйл байдаг. Энэ юу юм бэ гэхээр Энэтхэгийн хаан Ашокагийн бичсэн гэрээс бүхий маш том хөшөө байдаг юм. Энэ чулуун хөшөөг одоогоос 2000 аад жилийн өмнө буюу бурхан багшийг таалал төгссөнөөс 500 жилийн дараа босгосон байгаа юм. Энэ хаан маш хүчтэй бөгөөд бурхан шашинаар дамжуулж амар тайван амьдралыг бий болгож чадсанаараа түүхэн гавъяатай хүн. Энэ хааныг залуу байхад Энэтхэг орны олон газар дайн дажин болоод улс гүрнүүд нь өвчин зовлон, өлсгөлөн ядууралд ороод маш хүнд байсан. Харин хаан энэ бүх гай гамшигаас гарах ганц зам бол бурханы сургаалийг дагах гэдгийг ойлгож бүх дайн дажин, сэлэм жад, эрх мэдлээ орхиод бурханы шавь болж эргээд улс гүрнээ Бурханы шашин доор нэгтгэж чадсан юм. Тиймээс түүнийг хөгшрөх үед нь улс гүрнүүд бурхан номыг шүтээд маш тайван, амар амгалан, энх тунх сайхан болж чадсан. Харин бурхан багшийн хийсэн юм бүгд нураад эвдэрсэн байсан. Хаан Ашокаа тэр бүгдийг цэвэрлэж янзалж байхдаа газар доороос Нэг суврага дотор нэг чандар бий гэсэн бичиг бүхий найман суврага олсон байна. Yүнийг Энэтхэгийн хаан Ашока бурхан шашныг шүтдэг ямар орон байна тэр орнуудад тараан өгсөн байна. Ингэж л олон оронд бурхан багшийн чандар тархсан түүхтэй. Найман суврагаас долоо нь нураад одоо ганц үлдсэн нь Бурхан багшийн төрсөн газар Лүнбинэд байдаг. Энэ газар дэлхийн ЮНИСКОгийн хамгаалалтанд орсон хамаагүй хүмүүс оруулахаа байсан. Би өөрөө тэр хамгаалалтынх нь хүмүүсийг цалинжуулаад ажиллууулж байгаа.
Харин Ашока хааны өөрийн нь чулуун хөшөөнд Бурхан багшийн чандарыг хаана хаана өгсөн гээд бүгдийг бичсэн байна. Тэр чулуун хад нь маш сонин ганцхан газраас авсан мэт сонин өвөрмөц хад байдаг.
-Тэгэхээр Бурхан багшийн чандарт мөргөх нь ард түмэний өмнө нээлттэй байх уу?
-Тэгэлгүй яахав. Монгол орон бол бурхан шашинт орон. Тиймээс мөргөл хийх нь сүсэгтэн олонд тохиож буй аз завшаан. Нэг ёсондоо бурхан багш өөрөө залраад ирлээ л гэсэн үг. Харин энд нэг зүйлийг хэлэхэд монгол улсын ерөнхийлөгч 2001 онд Энэтхэг улсад айлчлахдаа Лүнбинэд монгол хийд байгуулах газар үнэгүй авахаар болсон юм. Гэвч газраа үнэгүй авсан ч гэсэн монгол улс мөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа тул одоо болтол юу ч хийж чадаагүй байна. Yүнд би маш их санаа зовж байгаа. Гэвч нэг хүний хүч ерөөсөө хүрэхгүй байна Тиймээс би монгол ахан дүүс маань энэ ажилд бие сэтгэл, санхүүгийн тусламж дэмжлэг өгөх байхаа гэж бодож байгаа. Yүнд хүн бүрийн чин сэтгэл л байвал нэг төгрөг байсан ч, 1000 доллор байсан ч хамаагүй энэ бол үе хойчдоо хийж байгаа маш том буяны үйл болно. Тиймээс бүгдээрээ Лүнбинэд өөрсдийнхөө монгол сүмийг хамтдаа босгоё гэж хэлэх байна. Ямар ч байсан миний ард талд монгол ард түмэн байгаа гэдэгт би итгэлтэй байдаг.

/olloo.mn/ Ж. Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button