Д.Сүлдбаяр В.Макаровт ялагдав

73 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Сүлдбаяр эхний тойрогтоо Латвийн бөх В.Келёнижистэй учраа таарчээ. Түүний өрсөлдөгч урьд нь Монголын номер нэг гэгддэг жүдоч, гавьяат тамирчин Х.Болдбаатартай 1997 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр оноолт тааран барилдаж, цаг дуусахад нэгхэн секунд дутуу байхад Болдбаатарыг ялж гайхшруулж байсан тухай бөх тайлбарлах зууртаа хэлээд авсан. Тиймдээ ч Афинд байгаа Д.Сүлдбаатарт хэрхэн барилдах арга мэхийг нь хэлж, утсаар зөвлөгөө өгсөн байна. Харин дараахан Д.Сүлдбаяр өрсөлдөгчөө цэвэр ялснаа мэдэгджээ.
В.Келёнижис бол Сиднейн олимпийн хүрэл, дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөх билээ. Телевизийн шууд нэвтрүүлгээс харж байхад В.Зелёнижисийг зүүн талаараа тахимдахад нь Д.Сүлдбаяр дагуулж мушгиад цэвэр дарчихсан. Түүний дараачийн учраа Камеруны бөх Мвонда Бернард байсан. Д.Сүлдбаяр түүнийг оноогоор ялсан бөгөөд гуравдугаар тойрогт ОХУ-ын бөх, 2001 оны дэлхийн аварга, 2003 оны ДАШТ-ий хүрэл медальт Виталий Макаровтай таарч, түүнд базари үнэлгээгээр ялагдсан.
Түүний жинд нийт 34 бөх барилдсанаас Азийн таван бөх байсан юм. Тэдэн дотор чансаагаараа Д.Сүлдбаяр хоёрт ордгийг дурдах хэрэгтэй байх. Торгуулийн тойрогт тэрбээр урьд нь мөн л В.Макаровт ялагдсан Гүржийн бөх Д.Кевкишвилитэй барилдаж, кока үнэлгээгээр ялагдсанаар шигшээ барилдаанд шалгарч чадсангүй. Москвагийн олимпийн мөнгөн медальт, жүдо бөхийн гавьяат тамирчин аав Ц.Дамдин нь энэ удаа олимпийг хөгжүүлэх ажлаасаа түр түдгэлзэн үзэгчдийн суудалд ээжийнх нь хамт суучихсан хүүдээ хандан барьцаа ав хэмээн зөвлөн хашгирч суух нь харагдсан. Бараг л өөрийнхөө барилдаж байсан үеэс илүү сэтгэл нь догдлох шиг болно лээ.
Ингээд жүдо бөхийн 73 кг-ын жинд Мистер Япон гэж хочлогддог БНСУ-ын бөх Ли Вун Хи алтан медаль хүртэж, ОХУ-ын бөх В.Макаров мөнгө, Бразилийн Леондро Гилейро, АНУ-ын Жеймс Педро нар хүрэл медалийн эздээр тодорсон юм.
/Өдрийн сонин, 2004. 08.18, 204/