Yргэлж шинэлэг уур амьсгал гэр бүлийн харьцааг бэхжүүлдэг

Нэгэн хэвийн амьдралаас залхахдаа салж сарнисан гэр бүл маш олон. Харьцаагаа сэргээх хүсэл нь хосуудын хоёр талын хүчин чармайлтаар бүтдэг хэдий ч үүнд эмэгтэй хүний роль илүү давамгайлах ёстой гэж сэтгэл зүйчид үздэг юм билээ. Социологийн судалгаагаар эрчүүдийн 70 хувь нь эмэгтэй хүнийг өөрөө эхэлж санаачлага гаргаж байвал их таатай ханддагаа хэлжээ.
Гэр бүлийн харьцаанд шинэлэг уур амьсгал бий болоход айхтар бэрх хүчин чармайлт гаргах шаардлагагүй. Эмэгтэй та өөрийгөө хөндлөнгөөс нэг хараад үз. Нэг л жавхаагүй, бүхнээс залхсан, уйтгартай эмэгтэйн дүр төрх бууж байна уу. Та үснийхээ засалтыг өөрчилж, гэртээ үргэлж өмсдөг өмдний оронд гоёмсог халат өмсч болно шүү дээ.
Нөхөр байхад найз нар дараа нь гэж боддог бол том эндүүрэл. Дотны найз нөхдөөсөө гэртээ урьж бай. Ялихгүй зүйл хүнийг өөрчилдөг. Таныг дуу шуутай, баяр баясгалантай байхад нөхөр чинь гайхна. Бүр хардах шинжтэй ч болж магадгүй. Яг үнэндээ та нөхөртөө улам их таалагдаж байна гэсэн үг.
Мөн өрөөнийхөө бүх тавилганы байршлыг сольж өөрчлөх, унтлагын өрөөндөө сонгодог зураг, эсвэл аквариум тавьж болно.
Нэгэн хэвийн уйтгартай болсон харьцаатай тэмцэх шилдэг аргын нэг бол романтик оройн зоог юм. Романтик ширээ, хоолны сонголт, яриа гээд бүх зүйл тусгалаа олсон байх ёстой. Оройн хоолныхоо үеэр ажил хэрэг, гэр орон, үр хүүхэд, санхүүгийн хүндрэлийн тухай ярих хэрэггүй. Зөвхөн хоёр биенийхээ тухай л ярь.
Ер нь бие биеэ аль болох их гайхуулж байх нь амьдралыг хэзээ ч гунигтай болгохгүй. Эмэгтэй хүний хийсвэрлэн бодоход хязгаар байдаггүй тул өөрийнхөө аз жаргал, сайхан амьдралын төлөө ашиглаарай.