Түрүү өулчирхай гэж…
Эр хүний бэлгийн замын, шүүрлийн чухал эрхтэн түрүү булчирхай нь хэвлийн доод биеийн цаана, аарцаг ясны хөндийд байрладаг, дунджаар 4.5 см орчим хэмжээтэй байна. Түрүү булчирхай нь бэлгийн үйл ажиллагааны тусгай орчныг хангах, бэлгийн замын эрхтнүүдийн тухайн хэсэг газрын дархлааг хангах үндсэн үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл түрүү булчирхай нь боловсорсон үрийн шингэний гадагшлах замыг цэвэрлэх, үүний тулд эхлээд шээсний замыг, дараа нь үрийн шингэний явах замыг ариусгах үндсэн үүрэгтэй шүүрлийг ялгаруулдаг. Түрүү булчирхай өвчилснөөс энэхүү чухал шүүрлийг ялгаруулахгүй, үрийн сувгийн замыг ариусгаж бэлгийн ажиллагааны таатай орныг бүрдүүлж чадахгүй, улмаар бэлгийн ажил хийж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Нэгэнт үрийн шингэний явах замыг цэвэрлэж чадахгүй тул эмэгтэйдээ өвчний халдвар тараах аюултай. Мөн хэсэг газрын дархлаа суларснаар түрүү булчирхай өөдөө эргэж өгсөх халдвар тараадаг. Түрүү булчирхайд төрөл бүрийн өөрчлөлт гарах, үрэвсэл, хавдар зэрэг өвчин тусч болно. Түрүү булчирхай өвчлөх нь удам дамжсан архаг, хүнд өвчин, байнгын суугаа ажил, байнга даарч хөрөх, гэмтэл бэртэл, бэлгийн ажиллагааны дутмаг байдал зэрэг үндсэн хэдэн шалтгаанаас үүснэ. Түрүү булчирхай бага зэрэг өөрчлөгдөх, өвдөхийг эс хайрхан явсаар архагшуулж, хавдарт хүрэх, бүрмөсөн ажиллагаагүй болох нь их ажиглагддаг байна. Мөн өвчлөлтийг нь түр намдаах эмчилгээ хийж архагшуулснаас муу үр дагаварт хүрэх нь олонтаа. Тиймээс нэн түрүүн өвчлөлийн шалтгааныг тогтоолгож, үүссэн шалтгааныг нь арилгаж зөв эмчлэх нь чухал юм. Монголд 10 эрэгтэйн 8 нь түрүү булчирхайн ямар нэг өөрчлөлт, өвчлөлтэй байдаг гэнэ. Эрхэм эрчүүд минь хэрвээ та
шээс чинь ойр ойрхон хүрдэг болох
шээхэд хөндүүрлэж өвдөх
шээх үед дүлэлт өгөх
шөнө шээс хүрч хэд хэд шээх
шээсний дараа давсаг бүрэн суларсан биш дутуу үлдсэн мэт сэтгэгдэл төрж эхэлбэл
яаравчлан эмчид хандаарай. Эдгээр бол түрүү булчирхайд өвчлөл, өөрчлөлт үүсч байгаагийн хамгийн анхны шинж тэмдгүүд юм. Мэдээж заавал өвдөж зовж, эм тариа гэж явснаас өвдөхгүй байх нь шилдэг арга шүү дээ. Түрүү булчирхайгаа өвчлүүлэхгүй байя гэвэл
байнга суугаа ажлаас зайлсхийх, хэрвээ тийм ажил эрхэлдэг бол цаг тутам 5-8 минут босч хөдөлж байх
үргэлж машин барихаас зайлсхийх
бэлгийн замын эрхтнүүдийг байнга хэт чийгтэй, хөлстэй байхаас сэргийлэх, савхин болон дуураймал савхин өмд үргэлж өмсөхгүй байх. Учир нь байнга савхин өмд өмсдөг рокеруудын 11 хувь нь бэлгийн сулралд өртдөгийг санахад илүүдэхгүй.
гэмтэл бэртлээс болгоомжлох
хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь, тогтмол, эрүүл, зохистой бэлгийн амьдралтай байх явдал юм. Түрүү булчирхай өвчилсөн тохиолдолд ч байнгын, зохистой бэлгийн ажил хийх нь эдгэрэлтийг түргэсгэдэг сайн талтай гэнэ. Монгол эрэгтэйчүүд бэлгийн ажлаа харьцангуй залуу насандаа зогсоодог нь мөн түрүү булчирхайн өвчлөлд эрт хүргэх нэг шалтгаан болдог байна.