С.Оюун УИХ-ын дэд даргаар томилогдлоо

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эх орон-Ардчилал эвслээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн бүлгийн ахлагч С.Оюуныг томилох тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Хуралдаанд оролцсон 68 гишүүний нэгээс бусад нь гараа өргөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Жаргалсайхан түүнийг дэд даргаар томилохоос татгалзсан байна. Түүнчлэн УИХ дахь байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд хуучин ажиллаж байсан дарга нарыг маргаашийн хуралдаанаар томилохоор тогтсон юм. Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ын ажлын хэсгийнхэн зөвшилцлийнхөө дагуу байнгын хороод, Засгийн газрыг тэнцүү тоогоор хяналттайгаар удирдахаар болж байна. Маргаашийн хуралдаанаар УИХ дахь байнгын хороодын дарга нар болон Ерөнхий сайдыг хэлэлцэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүд бараалхан Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлсэн байна.
УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн ахлагч С.Оюун Yндсэн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлж байна гээд, нэр дэвшигчийг УИХ-д оруулж хэлэлцүүлж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. С.Оюун нэр дэвшигчийн намтар, МАХН, Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүдийн гарын үсэг зурсан тунхаглал, баримт бичгийг Ерөнхийлөгчид өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх ажил үргэлжилж байгаа ч удаан, сунжирч байгаа гэсэн иргэдийн шүүмжлэлийг уламжлаад, гэхдээ энэ нь зөвшилцөл, санал солилцох, тохирох зүйл олон байгаатай холбоотой байж болох юм гэлээ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж өнөөдөр тохиролцсон хүнээ өргөн мэдүүлж байна. Yүнийг судлан үзэж хуулийн хүрээнд шийдвэрлэх болно гэсэн юм.
УИХ, Засгийн газар хурдан бүрэлдэж, дөрвөн жил хэрэгжүүлэх үндсэн баримт бичгээ боловсруулж батлах шаардлагатай. Улс эх орныхоо язгуур эрх ашиг болон сонгогчдын сонголтыг хүндэтгэн төр, засгаа эмхлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа онцлоод, монголчууд бидний амьдралын онцлог болох намрын үйл ажил бүхэлдээ хүлээгдэж байгааг Ерөнхийлөгч дахин анхааруулсан юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button