Дэлхийн миссд оролцох бүсгүй шалгарлаа

Энэхүү боломжийг Япон, Монголын нийгэмлэгээс олгож, Монголын дизайнеруудын холбоо, Аялал жуучлалын хурээлэн, Хит энтертайнмэнт хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээнд 16-25 насны нийт 30 гаруй охид хүчээ сорьсоноос эцсийн шалгаруултад 17 гоо охид шалгарсан юм. Тэмцээнд оролцох бүсгүйчүүд ямар нэгэн шивээс, сорвигүй, хүүхэдгүй, 170 см-ээс дээш нуруутай, англи хэлтэй байх ёстой гэсэн шалгууртай аж. Тэмцээн гоо бүсгүй шалгаруулдаг зарчмаар гоёлын хувцасны үзүүлбэр, усны хувцастай үзүүлбэр, авьяас чадвараа сорих гэх мэтээр уламжлалт байдлаар болсон бөгөөд сүүлийн үед болж байгаа монголын миссийн тэмцээнүүдийг бодвол өргөн боломж, өндөр шагнал амлаж байгаагаараа ч тэр үү оролцож байгаа охид бүсгүйчүүд маань харьцангуй шилэгдмэл байлаа. Тэд уг тэмцээнд нэлээн бэлтгэлтэй, идэвхтэй оролцож байгаа нь харагдсан. Тэмцээнийг Монголын талаас Ч.Оюунцэцэг /Шилмэл загвар ХК-ний захирал/, Х.Байгальмаа /Монголын дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга/, Э.Одгэрэл /Топ модель/, Х.Давааням /Хит энтертайнментын захирал/, О.Зоригт /дизайнер/,Японы талаас mr Конда /Япон-Монголын соёл, эдийн засгийн ерөнхийлөгч/, mr Ясуда / Miss international тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн/ нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүсэн.
Ингээд тэмцээнд шүүгчдийн нийлбэр дүнгээр Чадраабалын Содтуяа шалгарч энэ 11 сард Япон улсад болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцох нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Удаах байранд Александрын Дэлгэрмаа шалгарч Япон улсын урлагын сургуульд үнэ төлбөргүйгээр суралцах эрхийг гардан авлаа. Гуравдугаар байранд Балдангомбын Алимаа шалгарсан юм. Мөн Д.Ариунцэцэг Фото мисс-ээр, А.Туул Нөхөрлөл мисс-ээр шалгарсан юм. Тэмцээнээс шалгарсан гоо бүсгүй маань хагас сар орчим нутагтаа бэлтгэл хийгээд үргэлжлээд Японд очин мэргэжлийн багш нараар хичээл заалгаад Дэлхийн мисс-ийн тэмцээнд оролцох юм байна. Ингээд дэлхийн тавцанд монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулан уралдах цаг л үдлээ.
/olloo.mn/ Ж.Алтантуяа