Гамшгаас хамгаалах ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Сүүлийн өдрүүдэд боом өвчний шинж тэмдэг илэрч халдварт боомоор өвчилж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Говь-Алтай аймгуудад боомын голомттой, хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байна. Эдгээр гарч байгаа боом өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээ тарилга вакцин хангалтгүй явагдаж байгаа, мөн ард иргэд өвчтэй малын арьс үс, махыг хүнсэндээ хэрэглэж байгаагаас боом өвчин гарч байгаа гэж мэргэжилтнүүд ярьж байсан.
-Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Бүрэгхангай, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд гарсан боом өвчний хорио цээрийн хязгаарлалтын дэглэм хэвээр үргэлжилж байна. Энд өвчилсөн Бүрэгхангай сумын иргэний биеийн байдал сайн байгаа. Yүнээс гадна Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймагт долдугаар сарын 20-иос хойш тодорхой тооны бод мал үхсэнийг аймгийн холбогдох мэргэжлийн хүмүүс оруулсан баг ажиллаж боом өвчин гарсан болохыг тогтооосон байна. Мөн наймдугаар сарын 18-ны өдөр Лүн сумаас нийслэлээр орж ирсэн нэг хүн боом өвчний халдвар авсан байж болзошгүй тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлж шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар боомоор өвчилсөн гэдэг нь тогтоогдлоо. Yүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд нэг хүн боомын халдвар авсан байж болзошгүй гэж дуудлага ирсний дагуу аймгийн халдварт өвчний холбогдох эмч мэргэжилтнүүд газар дээр нь оношийг тогтоохоор яваад ажиллаж байна.
Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулж анхаарал болгоомжгүй байдгаас золгүй явдал гарсаар байгаа юм байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хагийн нуурын эрэгт тоглож байсан хүү хөл алдаж ус руу орсноос хүүгээ аврахаар орсон аав нь хамт амь эрсэдсэн золгүй явдал гарчээ. Гамшгаас хамгаалах ерөнхий газраас ард иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
/MN-25 телевиз/