Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганбатыг тагнаж чагнасан этгээдийг ТЕГ хайж байна
Ерөнхий шүүгч Ганбатын гар утасны сүлжээнд нэвтэрсэн этгээд ерөнхий шүүгчийн утасны дугаараар олон хүн рүү залган ярьж байсан бололтой. Ганбат шүүгч гадны этгээд өөрийнх нь гар утасны сүлжээнд нэвтэрсэн байсныг мэдээгүй бөгөөд төлбөрийн тооцоо өндөр гарсныг үзээд шалгуулж байж л мэдсэн гэнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганбатыг тагнаж чагнасан, гар утасных нь сүлжээнд нэвтэрсэн энэ хэргийг ТЕГ-ын мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ шалгаж байгаа ч одоогоор тодорхой амжилтад хүрч чадаагүй байгаа сурагтай. Хамгийн гол нь яагаад Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн гар утасны сүлжээг гэмт этгээдүүд олзолж авав. Сүлжээнд яаж нэвтрэв гэдэг асуудал өнөөдөр олны анхаарлыг татаж байна.
Сүүлийн үед Эрэл-ийн Эрдэнэбатын талд үйлчилдэг гэсэн хэл аманд өртөөд байгаа Ганбат шүүгчийг тагнаж чагнах сонирхол бизнесийн бүлэглэлүүд дунд байж магадгүй гэж хуулийнхан үзэж байгаа гэнэ. Эрэл компанитай холбоотой, газрын болон татварын олон хэрэг Улсын дээд шүүх дээр очоод бүгд хэрэгсэхгүй болж байсан. Yүнд цөөнгүй бизнесменүүд дургүйцэж ил, далд хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тэр ч бүү хэл Ганбат шүүгчийг хууль зөрчсөн гэж Yндсэн хуулийн Цэцэд хүртэл өгч байсан. Тиймээс хуулийнхны энэ хардлага сэрдлэг ор хоосон зүйл ч биш бололтой.
/olloo.mn/ Б.Цоож