Ариун рэнсэл заларна гэдэг азтай хувьтай тохиол

НYБ-аас Бурхан багшийн их дүйчсэн өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрөөх болсонтой холбогдон бүтээсэн хүндэтгэлийн суварга нь 2001 оноос НYБ-н хамгаалалтад орсон бөгөөд суврагад Шри-Ланк, Тайланд, Бирм Улсуудад хадгалагдаж байсан Бурхан багшийн ариун чандарын рэнсэл оршдог байна.Бурхан багшийн ариун чандарыг манай орноо залах энэхүү боломжийг НYБ-ын дэргэдэх Энх тайвны төлөө сангийн тэргүүн Ганчин Ринбүүчи, Их багш Гүрү Дава Ринбүүчи, Балбын вант улс дахь Монгол улсын өргөмжит консул Цэтэн Жүрмээ нар санаачлан зохион байгуулсан байна. Ариун чандар манай орноо 10 хоногийн хугацаатай байх бөгөөд амралтын хоёр өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт байрлуулж сүсэгтэн олноо залж хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд С.Элбэгдорж, Их хурлын дарга Н.Энхбаяр нар оролцож төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахилыг өргөж зул асаасан юм. Түүнчлэн улс төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын одод, сүсэгтэн олнууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ариун рэнсэлд мөргөх гэсэн ард түмний цуваа хоёр өдөр Дуурийн театраас тасарсангүй. Маргаашнаас Эрдэнэ зуу Хар хорин Амарбаясгалант хийдүүдэд залраад гучины өдөр буцаад НYБ-ын байранд аваачиж залах юм. Энэ нь бурхан шашиныг дэлхий нийтээр хэрхэн хүндэтгэл үзүүлж, хүлээн зөвшөөрч байгаагийн том илрэл юм.

Энэхүү хүндэтгэлийн үеэр Дашчойлон хийдийн хамба Чойжамцтай уулзаж Бурхан багшийн чандарын рэнсэл гэж юу болох тухай тодруулсан юм.
-Бид бурхан багшийн чандар гэхээр үнс шиг зүйлээр л төсөөлдөг. Гэтэл энэ чандар маань үрэл хэлбэртэй байна гэх юм. Энэ ямар учиртай юм бол?
-Жирийн хүнийх болоод амьтан малыг шатаахад зүгээр үнс чандар болоод л дуусдаг. Тэгвэл Бурхан багш болоод жинхэнэ ариусаж гэгээрсэн том том хувилгаад лам нарыг чандарлахад чандрын үнсэн дотроос нь сувд шиг жижиг жижиг цагаан юм гардаг юм. Yүнийг рэнсэл гэж нэрлээд байгаа юм. Энэ бол маш нандин зүйл байдаг. Yүнийг нь авч бид шүтээн болгож хэрэглэдэг юм. 2500-аад жилийн тэртээгээс бурхан багшийн рэнсэл нууцлагдан хадгалагдаж бидэнд уламжилж ирсэн бөгөөд цаг үе нь аажуу тайван болсон энэ үед олон түмний өмнө гарч ирж байгаа юм.
Энэхүү рэнсэлийг Алтан суварган дотор залж байдаг. Ийм ховор нандин, үнэтэй зүйлийг түүнтэй адил нандин үнэтэй зүйлд, маш цэвэр хадгална шүү дээ. Тиймээс тусгай хайрцаганд хийгээд гадуур нь шилэн бүрхүүл хийгээд бас дахиад алтан суварга хийгээд хадгалж байгааг хүмүүс харлаа. Сүсэгтэн олонд мөргүүлэхдээ зөвхөн гаднах тагыг нь аваад нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм.
Монгол орон эртний уламжлалт Буддын шашинтай орон. Энэч утгаараа Бурханы шашинт орны хувьд олдохгүй ховор нандин завшаан. Yүнд мөргөж адис аваад байх нь хүний амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй учрал юм шүү дээ. Энэ онцгой ховор аз завшааныг олж сүсэглэн мөргөснөөрөө бурхан шашинаа ойлгох, сэтгэл санаагаар ариусах, итгэл бишрэл нь улам бат болох гээд олон талын нөлөөтэй. Өөрөөр хэлбэл хүн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, амьдрал ажил үйлс нь дэвжин дээшлэхийн утгатай юм.
Тэр олон орноос Монгол орноо ингэж заларч байгаа нь азтайяа. Тэгээд бид мөргөөд авна гэдэг хувьтай яа.

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button