ОХУ-ын Тооцооны тэнхмийн дарга айлчилж байна

Таван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Сергей Вадимович Степашен Засгийн газрын тэргүүний ажлаасаа шууд ОХУ-ын Тооцооны тэнхмийн даргаар томилогдсон байна. Эдүгээ дөрөв дэх жилдээ Тооцооны тэнхмийн даргаар ажиллаж байгаа тэрээр Монголын аудитын байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Урьд нь орос ах нараас суралцаж байсан Монголын аудитын байгууллага эргээд орос ах нартаа заах хэмжээнд туршлага суусныг ноён Степашен хэвлэлийн бага хурлын ү еэр зориуд тэмдэглэн хэлсэн юм.
Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрт хоёр улсын аудитын байгууллагууд хамтарсан шалгалт хийснээр багагүй зөрчил илрүүлсэн байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг сольж мөн тус улсын Засгийн газраас энэ үйлдвэрийн талаар баримтлах бодлого өөрчлөгдсөн байна.
-Эрдэнэт үйлдвэрт хамтарсан аудит хийснээр энэ үйлдвэрийг хөгжүүлэхэд авах арга хэмжээ өөрчлөгдсөн. Бид цаашид Монгол-Оросцветмет нэгдэл болон УБ дөрвөн зам хэмээх үйлдвэрүүдэд хамтарсан аудит хийх төлөвлөгөөтэй байгаа. ОХУ-д хувийн аудитын байгууллагаас гадна гадаадын хэд хэдэн аудитын байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ Монголын туршлага их өвөрмөц юм. Тухайлбал, улсын төсвийг хянаж шалгахад хувийн аудитын байгууллагыг татан оролцуулдаг нь туршлага болох үзүүлэлт юм.
ОХУ-ын Тооцооны тэнхмийн дарга Сергей Вадимович Степашен Монгол улсын ерөнхий аудит ноён Жавзмаагийн урилгаар айлчилж байгаа. Тэрээр 1990 оноос хойш ОХУ-ын дээд зөвлөлийн депутат, мөн тус улсын Аюулгүй байдлын яамны нэгдүгээр орлогч, ОХУ-ын Сөрөг тагнуулын албаны дарга, Аюулгүй байдлын албаны захирал, Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр тус тус ажиллаж байсан. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа генерал цолтой. Түүний энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр улсын аудитын байгууллагууд хамтарсан сургалт зохион байгуулахаас гадна хамтарсан аудитын шалгалт хийж туршлага солилцохоор болж байгаа юм байна.
/MN-25 телевиз/