Оюунтүлхүүр Хийж бүтээхийн их хүсэл оргилоод явж байна

-Ямар ажлаар ирээд буцаж байна даа. Уран бүтээлийн ургац арвинтай ирсэн бололтой?
-Би монголд ирээд хорь гаруй хоноод буцаж байна. Би монгол хэл дээр хоёр дахь цомгоо гаргалаа. Би анхны монгол дууны цомгоо Тэнгисийн дуу нэртэй гаргаж байсан. Харин одоо Япон хэл дээр дуулагдаж байсан дуунуудаасаа түүвэрлэн монгол хэл дээр дуулсан Эргэх улирлын аяс нэртэй цомгоо гаргала . Цомог маань нийт 12 дуутай, зарим дуунуудаа гемикст оруулснаараа нэлээн онцлог болсон. Энэ цомгийнхоо суралчилгаа хийх, сангийнхаа ажил байдалтай танилцах гээд маш их ажилтай байлаа. Уг нь хэд хоног сайхан амаръя гэж бодож байсан чадсангүй л буцлаа.
-Ойрын уран бүтээлийн зорилго юу байна?
-Би амьдрал ахуйгаа төвхнүүлэх, сургууль соёлоо дүүргэх гээд нэг хэсэг уран бүтээлийн тал дээрээ анхаарах зав муу байсан. Одооноос эхлээд уран бүтээлдээ анхаарч байгаа. Энэ цомгоо гаргаад ерөнхийдөө бол уран бүтээлийн хөдөлгөөнд орчихоод л байж байна.
-Таныг саяхан сургуулиа төгсөж байгаа гэж сонссон. Ямар сургууль төгссөн бэ?
-Ногаягийн их сургуулийн Байгаль нийгмийн орчин факултетэд нийгмийн орчноор магистрын зэрэг хамгаалсан. Нийгэм гэдэг маань өөрөө маш өргөн ойлголт. Энэ нь нийгмийн судлалаас эхлээд нийгмийн ахуй, нийгэм хэрхэн яаж бүрдэх, оршин тогтнох гэх мэт нийгмийн чиглэлийн бүхий л бүрэлдэхүүнийг судалдаг. Урлагтай маань ямар ч холбоо байхгүй л дээ.
-Та яагаад урлагаасаа тэс ондоо мэргэжил сонгох болсон юм бэ?
-Би өөрөө нийгмийн нэг бүтээгдэхүүн, ард түмний нэгээхэн хэсэг нь болж байгаагийнхаа хувьд, тэртэй тэргүй нийгмийн харьцаанд байнга орж байдгийг хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулъя, нийгэмдээ бодитой юм хийж, гар бие оролцъё гэдэг үүднээс энэ мэргэжлийг сонгож төгслөө. Тэгээд ч миний сонирхол байсан.
-Та тэгэхээр урлагаас ондоо мэргэжил эзэмшсэн юм чинь энэ чиглэлээ дагнаад урлагаа орхино гэсэн үгүү?
– Миний амьдрал бол тэр чигтээ урлаг. Би урлаггүйгээр, урлагаар амьсаглахгүйгээр, урлагаас ангид байж хэзээ ч чадахгүй юм шиг байна лээ. Би хэдий өөр мэргэжил сонгосон ч гэсэн урлагаа орхиогүй л дээ.
Хүмүүс миний гаргасан цомгийг хараад намайг чимээгүй ч гэсэн уран бүтээлээ орхиогүй юм байна гэдгийг ойлгох байх. Японд хийж байсан уран бүтээлээ түүвэрлээд монгол хэл дээр дуулсан байгаа. Цаашдаа ч гэсэн уран бүтээлийн зорилго их байгаа.
-Та нийтдээ хэдэн цомог гаргаад байна?
-Би анхныхаа цомгыг 1990 онд гаргаж байсан. Тэрнээс хойш Японд нийт таван альбом, хоёр сингл диск, нийт 18 цомог гаргасан байна.
-Та дахин цомог гаргах бодол байна уу?
-Байлгүй яахав. Дан ганц өөрийн уран бүтээл бус монголынхоо уран бүтээлчидтэй хамтран ажиллах бодолтой байгаа. Уран бүтээлийн сайхан сайхан саналуууд ирж байгаа. Юм хийх хүсэлдээ автаад зүгээр сууж чадахгүй бүр оргилоод л явж байна даа.
-Та яагаад уран бүтээлээ Япон хэл дээр голцуу туурвидаг юм бэ?
-Яагаад гэвэл миний амьдарч байгаа газар, хийж байгаа уран бүтээлийн минь орчин Японд байсан учраас тэндэхийн хэл дээр дуулах шаардлага зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ харь оронд амьдарч байгаа ч гэсэн төрлөх хэл дээр дуулдаг байсан. Монгол хэл дээр цомгоо гаргалаа.
-Та цаашдаа хаана амьдрах бодолтой байна. Ингээд л Японд амьдраад байх уу?
-Мэдээж монголдоо л амьдрана. Би их багаасаа олон жилийг хүний нутагт өнгөрөөлөө. Монголдоо ирэхийг маш их хүсэж, яарч байгаа. Одоо ирэх цаг нь болсон гэж бодож байгаа. Ямар ч байсан ойрын хэдэн жилдээ бүр ирнэ дээ.
-Танай хүүхэд ч одоо овоо том болж байгаа байхаа?
-Гурван ой хүрч байна. Нэлээн сахилгагүй, дуу хөгжимөнд дуртай хүү бий. Ээжийнхээ цаг зав муутай, ажил ихтэйг ойлгодог. Уйлахгүй, дагахгүй их сайн хүү байгаа юм. Томрох тусам ээжийгээ ойлгоод ухаан суугаад байх шиг. Одоо ээжтэйгээ хамт монголд ирчихсэн байгаа л даа.
-Та ажил сургууль уран бүтээл гээд зав муутай бололтой. Энэ үед хүүхдийг чинь хэн харж байх вэ?
-Манай дүү Японд хамт амьдардаг юм. Тэр маань надад маш их тус болдог юм. Хүүхдээ цэцрлэгээс авах, хүргэж өгөх гээд хамаг л юманд гүйж байдаг.
-Оюунтүлхүүр сангийн чинь ажил ямархуу байна даа?
-Маш сайн байгаа. Буяны ажлыг хэт дуулиатай хийвэл буян биш болдог гэдэг юм билээ. Биднийг чимээгүй болчихоор манай ажлыг бас зогсчихлоо гэж бодож байж болох юм. Манайхан хийх ёстой юмаа хариуцлагатай хийгээд, үйл ажиллагаагаа жигд яавуулж байгаа.
-Та сангийнхаа үйл ажиллагаанд яаж оролцдог вэ?
-Сан маань биеэ дааж өргөжөөд төрийн бус байгууллага болсон. Миний хувьд сангийнхаа үйл ажиллгааг ерөнхийдөө удирдаад, Япон дахь хандивын байгуулагуудтай харилцах ойртуулан хамтран ажиллах судалгаа хийх гэх мэтээр гадаад харилцаандаа түлхүү оролцдог. Зөвхөн япон гэлгүй Герман хэд хэдэн том төслүүд оруулж, хэрэгжиж байгаа. Өөрөө хандивын тоглолт хийж сандаа хөрөнгө оруулалт хийх гэх мэт миний ажлын багагүй хугацаа нь сангийн ажил байдаг.
-Танай сангийн бодитой хийсэн ажлаас нэрлээч гэвэл?
-Yүсгэн байгуулсан цагаасаа хойш нэрлэх юм бол зөндөө ажлууд байна даа. Манайхаас нийт 400 гаруй хүүүхдүүд Халамжийн төвүүдэд хамрагдаад байна. Одоогийн байдлаар хорь гаруй хүүхдүүдийг хооллож ундлаад, сургууль соёлд нь явуулаад амь зуулгыг нь хангаад явж байна.
-Танай сангаас хүүхэд залуучуудын парк байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ тухай тодруулахгүй юу?
-Тийм ээ. Улсаас манай энэ саналыг дэмжиж хүүхэд залуучуудын паркын ойролцоо газар өгөөд байгаа. Япон Монголын цэцэрлэг байгуулах юм. Хөрөнгө оруулалт нь Японы талаас хийгдэнэ. Энэ цэцэрлэг бол Улаанбаатарчууддаа барих бидны том бэлэг болох байхаа гэж бодож байгаа.
-Та өөрөө эх орноосоо алс амьдардаг болохоор уран бүтээлийн тоглолт бараг хийдэггүй байх. Гэхдээ тоглолтоо хийх бодол байна уу?
-Байлгүй яахав. Чадвал энэ жилдээ багтаагаад тоглолт хийчих санаа байна.Монголд уран бүтээлийн тоглолтоо хийснээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд миний хувийн амьдрал ч, уран бүтээлийн хувьд ч маш их юм өөрчлөгдсөн гэж болно.

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button