Гэр бүлийнхээ найман хүний аминд хүрсэн этгээд баригджээ

Хулгайн гэмт хэрэг, залилангийн гэмт хэрэг ерөнхийдөө буурч байгаа ч хүн амины хэрэг улам харгис хэрцгий болж өсч байна. Сүүлийн жилүүдэд өөрийн гэр бүлийнхнээ хөнөөх үзэгдэл нэмэгдэх болсон. Энэ бүхэн уурын мунхаг, архины халуунаас болон гардгийг хоригдлуудын дунд явуулсан судалгаа баталж байдаг байна. Саяхан Өвөрхангай аймагт гарсан хүн амины хэргийг ЦЕГ-ын шуурхай томилогдсон хэсэг илрүүлсэн байна. Энэхүү хэргийг 19 настай Сүрэнбилэг гэгч үйлдсэн байна. Тэрээр энэхүү үйлдсэн хэргийнхээ тухай Манай амьдрал ядуу байсан. Би тэр өдөр хот руу явъя, амьдралаа дээшлүүлье гэтэл үгүй явуулахгүй гээд байснаас уур хүрээд энэ хэргийг хийсэн. Тэр үед би архи уугаагүй, эрүүл байсан. Миний төрсөн эгч ажилдаа яваад байгаагүй учраас би хүүхдийг нь алчихсан гэж мэдүүлэг өгч хэргээ хүлээсэн байна. Ингээд ажилдаа яваад эзгүй байсан эгчээс нь бусад бүх гэр бүлийнх нь хүмүүс нас барсан байгаа юм.
Уг айлын амьдралын түвшин нэн ядуу байсан. Бид одоо хэрэгтэнд сэтгэцийн шинжилгээ хийлгэж хэрэг хүлээх чадвартай эсэхийг нь тогтооно гэж ЦЕГ-ын ажилтан Билгээ хэллээ.
-Цагдаагийн байгууллагын албан хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 50 шахам хэргийг илрүүлсэн байгаа. Yүнд онц ноцтой үйлдэгдсэн хүн амины хэрэг, мөн бүлэг зохион байгуулалттай хулгайн хэд хэдэн хэргийг илрүүлсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тавдугаар багийн харъяат Гомбодорж гуай, түүний гэр бүл 3-20 настай нийт 8 хүнийг зэрлэгээр буудаж хөнөөсөн байгаа. Энэ дээр ЦЕГ, орон нутгийн цагдаагийн байгууллагууд мэдээллийг хүлээн авч шуурхай арга хэмжээг зохион байгуулсан. ЦЕГ-ын даргын тушаалаар мэргэжлийн шинжээчид, мөрдөн байцаагч төлөөлөгч нарын хамтарсан групп томилогдсон. Энэ групп газар дээр нь очиж Өвөрхангай аймгийн цагдаагийн ажлын хэсгийнхэнтэй хамтарч шуурхай ажилласны үр дүнд уг хэргийг үйлдсэн алуурчныг тогтоосон.
Өнгөрөгч өдрүүдэд малын хулгай ихэсч байгаа бөгөөд энэ нь махны эрэлт ихэссэнээс болж байгаа юм байна. Мөн тоглож байсан хүүхэд баригдаж байсан байшингийн суурин дээрээс унах, хайр дурлал, амьдралын түвшнээс болон амьдралын итгэл алдах зэрэгт гэрээслэл бичин өөрийгөө боомилох, самар түүж байгаа нөхөд нийлж архидан зодолдох, согтуугаар модон дээр гарч унан амь насаа алдах үзэгдэл нэмэгдэх хандлагатай болж байгаа бөгөөд ард иргэддээ үр хүүхдээ хараа хяналтгүй орхих, биеэ удирдах чадваргүй согтуу үедээ өндөр зүйл дээр гарахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button