Хээнцэр маяг үргэлж гоо сайхныг харуулах уу?

Гоо сайхны зөв таашаалыг энэ сайхан, энэ муухай гэдгийг зүгээр нэг зааснаар төлөвшүүлдэг юм биш. Хүний биеийн гоо сайхан, хөдөлмөр, урлаг, биднийг хүрээлэн байгаа орчин, ер нь юм бүхнээс гоо сайхныг олж харж сурахын зэрэгцээ сэтгэлийн хөдөлгөөнөө сайхан муухайд хандах ухамсартай хандлага болохуйц хүмүүжлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй.
Гоо зүйн таашаалтайгаар хувцаслаж сурахад тодорхой хүч чармайлт шаардагдана. Гол нь үнэтэй хувцас, эдлэл өмсөж зүүхдээ биш. Шинэ маяг хийцэд сохроор захирагдалгүй, түүний хойноос хөөцөлдөлгүй, харин шинэ маяг хийцийг ажиглаж мэдэх нь зүй. Хэт хээнцэрлэгчид таалагдсан бүхнээ эдэлж хэрэглэхэд бэлэн байдаг. Марзан тохироогүй гоёл бол гоёл биш. Даруухан хувцаслах нь охидыг улам чимнэ. Ямар өнгө хоорондоо зохицож, хоршиж, аль нь чиний төрх байдалд илүү тохирч, нас, гадаад төрх, зан араншинд чинь ямар хийц маяг зохихыг мэдэж, шилэн сонголт хийж сурах нь тун чухал.
Хувцсаа тохируулж чадах гоо зүйн таашаалтай охид аливаа зүйлийг моод болохоор нь юм уу, эсвэл бусдын гоё сайхныг хэзээ ч дуурайхгүй байж чаддаг. Хэн хүнийг дуурайж сайхан харагдах гэж өөрийгөө гутаадаг охид хааяа байдаг. Хэтэрхий марзан хээнцэр байдал хэнийг ч чимдэггүй гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Моод-ыг сохроор дуурайвал гол төлөв инээдтэй байдалд орох нь олонтаа. Хүний сайн чанарыг тодотгон өгөх зүйлийг л сонгон авч чаддаг байх хэрэгтэй.