УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн эхнэр Д.Хишигтэд эрүү үүсгэн шалгажээ

Гончигдорж даргын хайртай шавь нь байсан, одоо бол хүүхдүүдийнх нь ээж, Туул кашмер компанийн гүйцэтгэх захирал Д.Хишигтэд цагдаа нар багагүй хатуурхаж Эрүүгийн хуулийн 186 дугаар зүйлийн хоёроор эрүү үүсгэсэн байх юм. 1996-2000 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа ноён Раднаасүмбэрэлийн Гончигдорж Говь компанитай холбогдож багагүй хэл аманд өртөж байлаа. Тэр үедээ л нэр нөлөөтэй байсан социал демократ намыг тэргүүлж байсан энэ эрхэм соцдек гишүүдийнхээ тусламжтайгаар өөрийн гэсэн томоохон өмч хөрөнгөтэй болсон нь Туул кашмер компани. Тэр үед Гончигдорж даргын тусламжтайгаар соцдекээс Хөвсгөлд нэр дэвшиж байсан Говь компанийн захирал Сэдваанчиг намын даргадаа хайртайгаа илчилж Говь компанийн ноолуур угаах цехийн тоног төхөөрөмжийг хэд дахин хямд үнээр авч Гончигдорж даргад бэлэглэх хуйвалдаанд оролцсон гэдэг. Улсад асар их хэмжээний хохирол учирсан гэдэг хэл ам дэгдэж, энэ хэл амнаас айсан Гончигдорж дарга эхнэрийнхээ нэр дээр байсан Туул кашмер-ийг Япон-Монголын хамтарсан үйлдвэр гэдэг нэр зүүгээд л уснаас хуурай гарах аргыг сүвэгчилж байлаа. Ямар сайндаа тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ эхнэрээ Туул кашмер-т аар саар ажил хийж байгаа гэж танилцуулж байхав. Хэдийгээр Гончигдорж дарга Туул кашмер-ийг өөрийнхөө нэр сүр, гэр бүлээс хол хөндий байлгахыг хичээдэг ч гэсэн цагдаа нар тус компанийн гүйцэтгэх захирал, хатагтай Д.Хишигтийг татвар нуусан хэргээр эрүү үүсгэн шалгах нь тэр. Энэ хэрэг улс төрд өөрийн гэсэн нөлөөтэй, цаашид ч хол явах зорилготой ноён Гончигдоржийг багагүй айлгаж татварын хэргийг хэл амгүйхэн дарахыг оролдож эхэлсэн байх юм. Тийм ч учраас Улсын мөрдөн байцаах газрын дөрөвдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Мөнхтамгын шалгасан энэ татварын хэргийн талаар олон хүн мэдсэнгүй. Чимээ аниргүйхэн шалгасан нэр зүүгээд сонгуулийн дуулиан босч ирэхээс өмнөхөн хэрэгсэхгүй болгож хавтаст хэргийг хаасан сурагтай.
Гончигдорж дарга эхнэрээ татварын хэрэгт холбогдож эхлэнгүүт Туул кашмер-аас бүрмөсөн ангижрах арга олж, тус компанид гүйцэтгэх захирлаар ажилаж байсан эхнэрээ ажлаас нь гаргаж аваад оронд нь өөр хүн томилуулсан байх юм. Тэр ч бүү хэл Туул кашмер-т ажилладаг ажилчдыг ч Дамдинсүрэнгийн Хишигт гэдэг захиралтай байснаа мартахыг сануулсан бололтой. Энэ бүхний эцэст Туул кашмер-ийнхан өнөөдөр Хишигт захирлыг асуусан хүнийг их л гайхсан хүний дүрээр сонжиж эхлээд ямар хэргээр явааг нь асуусныхаа дараа тийм хүн байхгүй гэж нэгэн дуугаар хариулж жүжигт тоглож сураад байгаа аж.
Ямар ч байсан УИХ-ын гишүүн Гончигдоржийн эхнэрт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Туул кашмер компани таван тэрбум төгрөгийн орлогондоо татвар төлсөнгүй үлдлээ. Энэ хэргийг дарахад Монгол улсын төрийн тэргүүн болохоор зүтгэж явсан Гончигдорж нарын нэр нөлөө, хөрөгө мөнгө чамгүй орсон гэж өнөөдөр хуулийн байгууллагынхан хүртэл хардаж байна. Гэхдээ энэ том улстөрч хүн төр буй цагт татвар буй гэдэг үгийг дахиж мартахгүй байлгүй дээ.
/Olloo.mn/ Б.Цоож

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button