Парламентын 140 сэтгүүлч өнөөдрөөс ажилдаа орлоо

Төрийн ордонд орж УИХ болон Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжлах эрх авахаар 140 гаруй сэтгүүлчид энэ жил хүсэлтээ гаргажээ. Бүгдийнх нь хүсэлтийг хүлээн авахаар болсон. Харин алдаа гаргавал хялбархан буцааж болохыг өнөөдөр анхаарууллаа. УИХ-ын гишүүнтэй коридорт тааралдвал эгцэлж харах ёсгүй гэх мэт дэгс мэдээллийг эс тооцвол эмх журамтай байх талаар нэлээд ихийг анхааруулсан. Өмнө нь жинс болон пүүс зэргийг өмсөж нэвтрэхийг хориглосон байсан. Харин одоо чөлөөт загварын, биеийн тамирын, гэрэлтдэг хувцас өмсөхгүй байхыг анхааруулж байна. Дээр нь бас хэт богино банзал үүний тоонд багтаж байгаа. Биеийнхээ хэлбэрийг нарийн гаргасан моодны этгээд хувцас өмсөхгүй байх үүргийг парламентын эмэгтэй голдуу сэтгүүлчид үүрч байна. Хамгаалалтын албаныхан, хэвлэл мэдээллийнхэн хоёр чухам ямар хувцсыг чөлөөт гэж ойлгохоос шалтгаалаад орж гарахад нэлээд үл ойлголцох асуудал үүсэхээр байгаа. Гэхдээ мэдээж парламентын сэтгүүлчид арай л өөр хувцаслах ёстойг ухамсарлацгааж байгаа.
Парламентын сэтгүүлчид бүрэн эрхийн хугацаанд хүчинтэй үнэмлэхээрээ урьд нь баруун хойд хаалгаар нэвтэрдэг байсан бол одоо хойд гол хаалгаар орох болж байна. Хамгаалалтын албаныхыг төлөөлж сануулга өгсөн хүний яриагаар бол сэтгүүлчид заримдаа давардаг. Цэцгийн тавиур, ширээн дээр гараад суудаг гэнэ. Бас Төрийн ордон, чуулганы хуралдааныг үзэхээр ирж байгаа хөдөөний голдуу хүмүүсийг Есөн хөлт цагаан тугны өмнө зогсоож зургийг нь аваад зарж ашиг олох явдал гарсныг ч хатуу анхааруулж байсан. Мөн парламентын сэтгүүлчид гишүүд, гадны хүмүүсийг Төрийн ордны хаа ч хамаагүй тааралдсан газар нь барьж аван зогсоогоод ярилцлага авах явдал гарч, гарах гарахгүй нууц зүйлийг нь дэлгэх гэж сандраадаг тухай хамгаалалтын албаныхан ярилаа. Тэдний ярьж байгаагаар сэтгүүлчдийн санал болгож байгаагаар бол тухайн хуралдааны тэнхим, Есөн хөлт цагаан тугны өмнө ярилцлага авахад тохиромжтой гэнэ. Гэхдээ арайхийн олдож байгаа ганц хоромыг ярилцлага авагч этгээдээ нөгөө газар луу аваачина гэдэг бас их бүтэшгүй хэрэг юм. Ийнхүү маргаашнаас Саарал ордны бүхий л сайн мууг сурвалжилж мэдээлэхээр 140 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид ажилдаа орж байна.
/MN-25 телевиз/