Япон улсад манай таван оюутан үнэ төлбөргүй суралцана

Японы Акита-гийн олон улсын сургууль нь англи хэл дээр сургалтаа явуулдаг тус улсын шилдэг сургуулиудын нэг юм байна. Энэ сургуулийн босгыг алхах оюутан Tofel-ийн шалгалтанд 500-гаас дээш оноо авсан байх ёстой. Энэ шалгуурыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн таван оюутан амжилттай давж Акита-гийн олон улсын сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхтэй болжээ. Өнгөрсөн зун мөн энэ сургуульд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дөрвөн оюутан япон хэлний чиглэлээр суралцаад ирсэн байна. Оюутнууддаа өндөр шаардлага тавьдаг Акита-гийн олон улсын сургуульд Монголын дөрвөн оюутан бусад гадаадын оюутнуудаас илүү амжилттай суралцсан байна. Тиймээс Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас дахин чадварлаг оюутнуудыг хүлээн авч суралцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Акита-гийн олон улсын сургуулийн захирал ноён Минэо Накажима Монголд ирж Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
-Давуу тал нь гэвэл оюутнуудаа хоорондоо солилцох, мөн солилцсон оюутан тус бүрийн сургалтын зардлыг хоёр талдаа чөлөөлж өгөх, аль болох оюутандаа суралцах таатай орчинг бүрдүүлэх талаар заасан гэрээ байгаа юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь дэлхийд нэртэй их, дээд сургуулиудтай Хоёр сургууль-нэг диплом хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа. Саяхан АНУ-ын их сургуультай хийсэн гэрээний үр дүнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрантууд их сургуулийн магистрын дипломыг өвөртлөх боломжтой болсон. Yүний нэгэн адил цаашид Японы Акита-гийн олон улсын сургуультай энэ асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа нь энэ юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button