Олимпийн шүүгч гэж хэн бэ?

Олон улсын гимнастикийн холбоо хоёр ч шүүгчийнхээ тэмцээн шүүх эрхийг нь түдгэлзүүллээ. Испани, Колумбын шүүгчид Солонгосын тамирчныг илт дэмжсэний учир дээрх шийтгэлийг хүлээж байгаа бололтой. Гэтэл А.Немовын үзүүлбэрийг шүүсэн шүүгчид хэтэрхий доогуур үнэлгээ өгснөөс болж бүтэн 20 минут үзэгчдийн шүгэлдэх дуугаар шагнуулав.
Гэтэл бүхний нүдэнд ил байдаг усан спортод хүртэл шүүгчийн алдаа гардаг юм байна. 200 метрийн усанд сэлэлтийн үеэр Америкийн Аарон Пирсолийг буруу эргэсэн гэж Францын шүүгч Денис Кафи үзсэн боловч шүүгчдийн зөвлөгөөнөөр энэ нь батлагдсангүй.
Нээлтийн ажиллагааны үеэр шүүгчид тангараг өргөдөг. Энэ тангарагтаа үнэнч байж тамирчдын бүтэн дөрвөн жилийн хөдөлмөрийг зөв үнэлж байгаасай л гэж хөгжөөн дэмжигчид хүсдэг юм.
/Өдрийн сонин, 2004, 08.27, 212/