Х.ЦагаанбаатарМанай төрийн дуулал эгшиглэж байсан бол сайхнаа гэж бодож байлаа

Мэдээж тэдний дотор олимпид урамтай сайхан барилдаж ХYРЭЛ медаль хүртэн Афины тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулан эх орон ард түмнийхээ итгэлийг алдалгүй медаль өвөрлөн ирсэн жүдо бөхийн шигшээ багийн гишүүн 60 кг-ийн жингийн бөх Х. Цагаанбаатар ч байлаа. Түүнийг дөнгөж эх орондоо ирээд байхад нь манай сурвалжлагч цөөхөн хором уулзаж ярилцсан байна.
-Афины олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн таньд юуны өмнө баяр хүргэе. Таныг монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байгаа. Та бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
-Намайг Афины олимпид оролцоход тусалж дэмжсэн багш дасгалжуулагчид, найз нөхөддөө мөн Монголын үндэсний олипын хороо гээд олон байгууллага хувь хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ медаль бол зөвхөн миний авсан медаль биш дээрх бүх хүмүүсийн, миний ард түмний зүрх сэтгэл шингэсэн Монголын маань медаль болов уу гэж бодож байна.
Барилдааны хувьд би сэтгэлдээ хүртэл барилдаж чадсангүй. Гэхдээ хамгийн сүүлийн хүрэл медалийн төлөөх барилдааныг амжилттай дуусгасандаа баяртай байгаа. Тэмцээнийг хожиж дуусгах шиг сайхан юм хаа байхав.
– Тамирчин хүний хувьд Ази тивийн аварга, одоо олимпын хүрэл медаль авлаа. Энэ хоёрын хооронд хэр ялгаа байна.
-Мэдээж энэ хоёрын хооронд асар их ялгаа байна л даа. Азийн аваргад зөвхөн Ази тивийн тамирчид л барилдана. Тэр ч бүү хэл олимпын эрх авсан тамирчид барилдахгүй тал ч бий. Харин олимпын хувьд жинхэнэ чанар чансааг харуулах, тив тивийн шилдэгийн шилдэг тамирчид хуран цуглаж хүч чадлаа уралдуулдаг маш хатуу, хүнд шалгуур байдаг юм байна. Тиймээс энэ хоёрын хооронд асар их ялгаа бий.
-Хүндрэлтэй зүйл юу байв?
-Ерөнхийдөө гайгүй. Цаг агаарын хувьд 40 градус халуун байсан. Бэлтгэлийн хувьд жигд сайн байсан. Гол нь жингээ тааруулах асуудал л байсан даа.
-Жин хэр хассан бэ?
-Барилдааны урд өдөр нэлээн жин хассан. Яг барилдахын өмнө 200 грамм жин хасаж 59.8кг болсон
-Гуравдугаар тойрогт Дэлхийн аварга Солонгосын бөхийг ялсан. Энэ бөх бол Афины олимпид аварга болно гэж мэдэгдэж байсан бөх байгаа? Энэ бөхтэй барилдахад барилдааны хувьд хэр хүнд байв даа.
-Миний хувьд Солонгосын бөхийг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Яагаад гэвэл манай баг Афиныг зорихын өмнө Солонгосын шигшээ багийнхантай 14 хоног бэлтгэл хийсэн. Тэгэхэд бид хоёр маш олон удаа барилдсан л даа. Өдөрт 30 минутаар арав арван удаа барилдахаас 5,6 гээд л өгөө аваатай л байсан. Тиймээс бие биенийхээ арга барилыг нэлээн судалчихсан. Өөртөө нэлээн итгэлтэй барилдсан.
-Японы бөхтэй барилдахад ямархуу байдалтай, яаж барилдъя гэж бодож гарсан бэ?
-Миний хувьд Японы бөхтэй барилдахад өөрт байгаа бүхий л хүчээ дайчилж барилдана. Урд нь нэг хожигдож байсан болохоор энэ удаа хожих ёстой гэсэн сэтгэлгээтэй л байсан л даа. Ямар ч байсан зогсож болохгүй, байнга хөдөлгөөнтэй байна гэж бодож байсан боловч хэтэрхий яаран түргэдэж мэх хийгээд хариу мэхэнд орчихсон.
-Сугалаа татсан тэр агшинд юу бодогдож байсан бэ?
-Сугалааг 2 хоногын өмнө сугалчихсан байсан. Тэр үед ч нэг их юм бодогдоогүй ээ. Эхний тойрогт Энэтхэгийн бөхтэй таарсан. Гол нь жиндээ орох асуудал л байсан даа.
-Өөрөө анх удаа Олимпын наадамд оролцлоо. Олимпын наадам ямар санагдав?
-Тив тивийн шилдэгүүд цугласан үнэхээр гайхамшигтай зүйл юм. Тэнд өөрийн хүч чадлаа сорино гэдэг бас азтай. Тэндээс медаль өвөрлөн ирсэн гэдэгтээ бахархалтай байна даа. Мөн спорт гэж ямар агуу гайхамшигтай зүйл байдаг юм бэ гэдгийг улам их мэдэрч илүү өндөр амжилт үзүүлнэ гэсэн урам зоригтой ирлээ.
-Медаль аваад хамгийн түрүүн хэнрүү ярьсан бэ?
– Медаль авчихаад хамгийн түрүүн аав ээжрүүгээ ярьсан. Дараа нь багш дасгалжуулагч нарлуугаа ярьсан.
-Мэдээж ганц олимпын тэмцээнээр хязгаарлахгүй олон олон тэмцээнүүд таныг хүлээж байгаа байх. Ойрын үед ямар тэмцээнүүд байна. Тэмцээнийхээ бэлтгэлд хэзээ орох гэж байна.
– Тэгэлгүй яахав. Олимпын барилдаан дуусаад л маргаашнаас нь дараа тэмцээнийхээ бэлтгэлд орсон. Бэлтгэл ер тасраагүй. Тамирчин хүн бол байнгын бэлтгэл сургуулилттай байж л амжилтанд хүрдэг болохоор бэлтгэл бол зайлшгүй, сайн байх ёстой. Одоо есөн сарын 15 дээр Молдавын гишүүн орны Самбо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно доо.
-Та барилдаанаа дуусгаад гэрлүүгээ яарч байв уу?
-Гайгүй ээ. Гэрийнхэн болон багш дасгалжуулагч, найз нөхөдтэйгээ байнга холбоотой байсан болохоор тэгтэлээ яарсангүй. Тэнд бас бусад тамирчидаа дэмжих, тэднийхээ бэлтгэл сургуулийг хангах гээд хийх юм их байсан л даа. Мэдээж хүсэн хүлээж байсан ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй олимпын наадмаас медаль өвөрлөөд эх орондоо ирж байгаа болохоор та нартайгаа уулзах энэ сайхан мөчийг сэтгэл догдлон хүлээлгүй яахав.
-Тамирчин хүний хувьд шагналын тавцан дээр гарч, энгэртээ медалиа зүүж зогсох тэр үе бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байдаг. Яг медалиа зүүж байх тэр агшинд юу бодогдож байв?
– Тиймээ, ялангуяа төрийнхөө далбааг өргөхийг хараад сэтгэл маш их хөдөлж байсан. Тэр үед ард минь эх орон, ард түмэн маань харж, хүлээж байгаа гэж бодохоор маш их догдолж байлаа. Шагналын үед уламжлалт ёсоор Японы төрийн дуулал эгшиглэж байсныг сонсоод үүний оронд манай төрийн дуулал эгшиглэж байсан бол хичнээн сайхан болоо гэж харамсмаар ч юм шиг санагдаж, хэзээ нэгэн цагт эх орныхоо төрийн дуулалыг энэ хүмүүсийн дээр эгшиглүүлнэдээ гэж бодож байлаа.
-Баярлалаа. Таны цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилт хүсье. Дараа жилийн олимпод медалийнхаа өнгийг солих байх гэж найдаж байна.
-Баярлалаа
/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button