Байна уу? Лавлах утас 19.. таныг сонсч байна

Ердөө л хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд ажлаа амжуулчихдаг болсон нь нэг талаар маш их боломж бололцоо олгож буй.
Эрүүл мэнд, боловсрол, хууль, нийгэм эдийн засгийн гээд олон төрлийн мэдээллийг танд хүргэхээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө, зугаацуулах үүргийг тэд давхар үүрдэг болжээ. Жишээ нь, ганцаардаж, уйтгарлан суугаа хэн нэгэн тэдгээр утасны аль нэгэнд залгаад санаа бодлоо хуваалцан, зөвлөгөө авч болно. Мөн ажлын алжаал ядаргаагаа тайлах хөгжилтэй онигоо яриулж кайф авахыг хүсвэл утсаа шүүрээрэй. Түүгээр ч үл барам ажил төрөл тань бүтэл муутай байгаа бол ном уншуулж, сан тавиулж бас болох гэнэ.
Харин сүүлийн үед хялбар аргаар мөнгө олчих гэсэн хүмүүс ийм төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, бизнес хийх болсон нь үйлчилгээний чанарыг алдагдуулж, нэр хүндийг нь ч унагах боллоо. Монголчууд уг нь тооны олноос чанарын цөөн гэдэг сэн. Шуналтнуудыг тэгтэл нь их хуйлруулаад буй ид шид нь юунд байгааг сонирхож үзлээ. Лавлах утсуудын төлбөр дэндүү өндөр байгаа талаар иргэдийн санал гомдол Улсын мэргэжлийн хяналтын газарт олноор ирдэг аж. Арга ч үгүй биз. Алсын Америк руу хүртэл минут нь 150-хан төгрөгөөр ярьдаг болчихоод байхад аль нэг байгууллагын утас лавлахын тулд 400-500 төгрөг төлөх сонирхол хэнд ч байхгүй нь лавтай. Лавлах утасны төлбөрийн хэмжээ эхний бүрэн ба бүрэн бус нэг минутад дунджаар 150-500 төгрөг байдаг аж. Өндөр тарифтайгаараа эдэн дундаа 1905, 1931, шуурхай зар 1932 толгой цохино. Эдгээрийн нэг минутын үнэ 500 төгрөг бол, 1950, 1939, 1906 дугаартай лавлахууд үйлчлүүлэгчээс 150-200 төгрөг авдаг. Зөвшөөрөл авсан байгууллагууд үйлчилгээний чиглэлээс хамаараад минутын тарифаа өөрсдөө тогтоодог ажээ.
Монголд мэдээлэл лавлагааны утас 1999 оноос иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Монголын харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай дугаараар үйлчлэх эрхийг албан ёсоор олгож, хяналт тавьж ажилладаг. Тус хороо 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш нийслэлд 70, хөдөө орон нутагт долоон тусгай дугаарын зөвшөөрөл олгоод буй юм. Харин эдгээрийн 12 нь жирийн утасны төлбөртэй адил минутад долоон төгрөг унадаг байна. Одоогоор Эйр линк Монголия-гийн 1818, Анод банкны 1901 зэрэг банкны болон онгоцны тийзийн үйлчилгээ үзүүлдэг цөөн газар хямд үнээр үйлчилдэг.
Тусгай дугаарын зөвшөөрөл авсан дээрх байгууллагын олонх нь радио, телевиз, сонин хэвлэлийнхэн байдаг агаад зар авах, мэдээлэл, лавлагаа өгөх чиглэлээр ажилладаг. Түүнээс гадна төрөл бүрийн зөвлөгөөний дотор оюутнууд, хүүхдэд зориулсан гэх мэтээр нийгмийн тодорхой хэсэгт хандсан байх нь бий. Тухайлбал, Өнөөдөр сонины 1619 лавлах өдөр тутам ирж буй зараар мэдээллийнхээ санг шинэчлэн баяжуулдгаараа онцлог.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тусгай дугаараар мэдээлэл лавлагааны үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд энэ сарын эхээр шалгалт хийжээ. Шалгалтаар мэдээлэл лавлагааны чиглэлээ өөрчилсөн, программ хангамжгүй, мэдээллийн сангаа дутуу бүрдүүлсэн, хэрэглэгчтэй харьцах дүрэм журамгүй, үйлчилгээний үнэ тарифаа тогтмол сурталчилдаггүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн лавлагааныхаа чиглэлийг өөрчлөн өөр төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа, бусдад эрхээ шилжүүлсэн байгууллагууд ч гарчээ.
Нэгэн найз маань саявтар нэлээн бухимдуухан орж ирлээ. Учрыг лавлавал 16..-гаар эхэлсэн нэгэн лавлахаас хэрэгтэй утасны дугаараа авсан чинь буруу дугаар өгөөд хэд хэд яриулаад орхиж. Энэ нь тийм ч цөөн тохиолдол биш гэнэ. Зарим лавлахаас өгсөн мэдээлэл нь буруу, огт байхгүй утас өгч төөрүүлдэг. Тэр ч байтугай тухайн хүнийг аль болох удаан яриулж, утасны тоолуурыг нь гүйлгэх зорилгоор ямар нэгэн тайлбар хэлж, цаг уях хообийтой. Хааяа бүр Та утсаа түр барьж байгаарай гээд хэсэг хугацаанд чимээгүй болчихно гээч!?
Хэдийгээр та бидний өдөр тутмын амьдралд багагүй тус хүргэж буйг үгүйсгэх аргагүй ч лавлах утсууд нийтийн эрх ашигт нийцсэн соёлтой, чанартай, үйлчилгээ үзүүлдэг болбол сайн сан.
Залуусыг зуучлагч лавлах
Yерхэлдээ үнэнч гурван охин өнөө орой хамт шоудах залуус хайж байна. Утсыг яг одоо 1910-аас аваарай гэсэн зар FM-ээр явж байхыг сонслоо. Гайхаад байх зүйл ерөөсөө биш гэнэ. Сүүлийн үеийн залуус ингэж танилцдаг болжээ. Энэ талаар 1910-аас тодруулахад Манайд ийм зар сүүлийн үед нэлээд ирэх болсон. Бүр яаралтай гэнэ гээч. Яг одоо шоудах тэдээс тэдэн насны, хөгжилтэй охид, эсвэл хөвгүүд байна уу? гэж зар өгдөг. Голдуу л 18-21 насныхан байдаг юм гэлээ. Хааяа бүр хөгийн бүр инээдэмтэй гэмээр зар чих дэлсдэг. Хариултыг нь мэдээж 16.., 19.. -ээс аваарай л гэх вий. Лавлах утас аа, гэж.
Утасны төлбөр хэцүүдлээ, гэвч…
Аав, ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг бол яахын аргагүй утасны төлбөр гэж мөрийцөх үү? Хүүхдүүд нь дээрх дөрвөн оронтой тоо бүхий дугаар руу өдрийн хэд залгаж, сэм сэмхэн ярьчихдаг нь эцэг, эхийнхээ халаасыг бага гэлтгүйгээр хөөрхөн гөвчихдөг аж. Телефон утасныхаа төлбөрийн тооцоог хийхээр ирээд Яахаараа ингэж их ярьчихдаг байна аа? хэмээн шогшрох үе бидэнд цөөнгүй тохиолддог. Та мэдэхгүй байж ч болох юм. FM-ээр найздаа дуу захиалах, таалагддаг хамтлагаа дэмжин, шилдэг дууны шалгаруулалтад саналаа өгөх, сонирхолтой шууд нэвтрүүлэгт оролцох гээд тэдэнд харилцуур шүүрэх шалтаг мундахгүй. Харин та хүүхдээ зэмлэх гэж бүү яараарай. Учир нь энэ бол тэдний буруу огт биш.
Лавлах утсууд минутад хэдэн төгрөг иддэг вэ?
/өнөөдөр -124/