Хохирлыг барагдуулахад хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна
Манай улсад ийм хэмжээний шуурга болж байсан түүхгүй. Гэхдээ хүмүүсийн ам дамжсан яриагаар бол 1970-аад онд болсон хүчтэй салхины үеэр тухайн үед Хэнтий аймгийн Батширээт сумын нэгэн гэр бүл тэр чигээрээ осолдож байжээ. Ой мод хөрөөдсөн мэт хиарсан байсан гэдгийг зарим нэгэн эх сурвалжийн ярьж байгаагаар бол сумын төвийн агентын гэрийг дайрснаас үхрийн арьсанд 11.20-ын чихэр шигдэж байсан гэнэ. Түүх сөхөхөд ийм байна. Харин түүнээс хойш анх удаагаа нэлээд хөл гаргасан салхи Дархан хотын төвийг дайрчээ. Газар дээр нь ажиллаад ирсэн комиссынхны хэлж байгаагаар хохирлын хэмжээ 430 сая хол гараад байгаа юм байна. Азаар хүний амь нас хохироогүй. Гэхдээ зарим нэгэн цэцэрлэгийн дээвэр хууларснаас хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх боломжгүй болсон байна.
-Сэргээн босголтын ажлыг явуулах явц ч гэсэн хоёрдогч энэ ослоос урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үндсэнд өнөөдөр дэд бүтцийн салбарууд хэвийн үйл ажиллагаанд шилжлээ гэсэн мэдээллийг Орон нутгийн гамшгаас хамгаалах штаб бид нарт ирүүлээд байна. Энэ нь маш богино хугацаанд, үндсэндээ Дархан-Уул аймгийн Ус, цаг уур байгаль орчны шинжилгээний төвийн талбайд хийсэн хэмжилт, урьдчилсан хохирлыг үндэслээд хамгийн эрчимжилттэй мөндөр буусан 8 минутын хугацаанд салхины хурд 32 м/сек-ээс давжээ гэсэн ийм дүгнэлт гаргаж байгаа.
Ердөө 8-хан минут үргэлжилсэн салхин шуурга эргэлдэх хөдөлгөөнөөр гарсан учраас модыг хөрөөдсөн мэт, маш бүдүүн самбарыг ч хугалж орхисон гэнэ. Эмчлүүлж байгаа 28 хүний биеийн байдал сайн байна. Харин орон гэргүй болсон 160 айлыг яахаа мэдэхгүй байгаа юм байна. Тэд орох оронгүй болсноос гэрийнхээ үлдэгдлээр овоохой барин амьдарч байна. 28 м/сек-ийн хурдтай салхийг аюулт үзэгдлийн тоонд оруулдаг бол энэ удаа салхины хурд нь 32 м/сек-дэд хүрчээ. Ажлын хэсгийнхнийг Дарханаас ирснээс хойш баруун аймгуудад эрс хүйтэрч байгаа мэдээ тэднийг түгшээж эхэлсэн байна.
/MN-25 телевиз/