Энэтхэг барааны үзэсгэлэн худалдаа эхэллээ

Энэ үзэсгэлэнгийн арга хэмжээ бол Энэтхэг улсаас манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа нэлээн онцлог бөгөөд үзэсгэлэн яармагын үеэр энэтхэг бүжгийн тоглолт, гар урчуудын үйлдвэрлэлийг бодитоор харуулах, хоолны фестиваль, уран зургийн үзэсгэлэн болох юм байна. Түүнчлэн өдөр бүр салбар тус бүрээр тусдаа семинар зохион байгуулагдаж байгаа.
Ер нь үзэсгэлэн яармаг, семинар гээд урьд нь тус тусдаа зохион байгуулагдаж байдаг уламжлалтай. Уг үзэсгэлэнд бүгд нийлээд цогц байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа нэлээн онцлог бололтой. Тиймээс Энэтхэгийн талаас өндөр ач холбогдол өгч нэлээн олон томоохон компаниуд ирж оролцож байгаа, өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болж байгаа нь харагдаж байлаа.
Энэтхэгийн талаас манай улсад тохирсон, хэрэгтэй чиглэлээр тухайлбал эмнэлэг, газар тариалан, мэдээлэл технологи гэх мэт монголд нэн шаардлагатай салбаруудаас хамрагдсан юм. Энэтхэг бол тодорхой нэг салбарууд дээр, тухайлбал мэдээлэл технологийн салбар маш өндөр хөгжсөн. Энэ тал дээр манай улсад дэмжлэг тулалцаа үзүүлье, хамтран ажиллая гэж байгаа нь манай орны хувьд маш сайхан боломж бүрдэж байна гэсэн үг.
Энэхүү үйл ажиллагааны талаар Энэтхэгийн худалдааг дэмжих байгууллагын тэргүүн ноён Н.Каннааас тодруулсан юм.
-Монгол-Энэтхэгийн харилцаа нэн эртний боловч яг худалдааны тал дээр аль аль улс нь тийм ч нээлттэй бус байсан. Та энэ арга хэмжээний талаар юу гэж дүгнэж байгаа вэ?
-Хоёр улс эдийн засаг, худалдаагаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ удаагийн үзэсгэлэн бол Энэтхэг-Монголын найрамдалт харьцаа улам өргөжиж бат бэх болох, харилцан бие биенээ танин мэдэх, ялангуяа бизнесийн хүрээнийнхэн хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Манай талаас Монголын талтай эм зүй, био технологи, мэдээлэлийн технологи гэх мэт салбаруудыг хамгийн түрүүн хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа.
Улмаар Монгол-Энэтхэгийн хооронд цаашид бусад салбаруудын хувьд ч гэсэн хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Манай орны бизнесийн хүрээнийнхэн Монголын бизнесын орчин нөхцөл боломжийг судлах, өөрийн бараа бүтээгдэхүүнээ таниулан сурталчлах гээд олон талаар энэ арга хэмжээнд оролцож байгаа юм.
-Одоогоор монголын талаас ямар нэг санал тавьсан юм байгаа юу?
– Yзэсгэлэн маань дөнгөж эхэлж байна. Хамтран ажиллах саналууд ирнэ гэж итгэж байна. Харин зохион байгуулж байгаа талуудын хувьд гэвэл Монголын талаас ХАYТанхим Энэтхэг Монголын худалдааг дэмжих гэсэн гол хөтөлбөр оруулсан байгаа. Энэтхэгийн талаас Хамтран ажиллах, түүнийг өргөжүүлэх гэсэн хөтөлбөртэйгээр оролцож байгаа гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд Энэтхэгийн 17 компан бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр эм зүй, мэдээлэл технологи, био технологи гэсэн гурван чиглэлээр семинар явуулах юм байна. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын гурван хүртэл ШУМПаркт үргэлжилж байна.
/olloo.mn/ Ж.Алтантуяа