Олон нийтийн ярилцлагад төр, засгийн төлөөлөгчид ирсэнгүй

Их эвслийн Засгийн газар, түүний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр сэдэвт ярилцлагад иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хандивлагчид, бизнес, олон нийтийн төлөөлөгчид иржээ. Харин төр, засгийн төлөөлөл буюу Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулагчид. Ерөнхий сайдын зөвлөхүүд оролцох байсан ч ирсэнгүй. Гэтэл манай улсад гол хандивлагч донорууд болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Соросын сан зэрэг газруудын суурин төлөөлөгчид өрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа. Энэ нь бидний хувьд ямар их ач холбогдолтой уулзалт вэ гэдгийг харуулж байсан. Харамсалтай нь оролцогчдын үгийг сонсох төр, засгийн төлөөлөгчи ирээгүй нь уулзалтын ач холбогдлыг бууруулж байв. Учир нь уулзалт ярилцлагын гол зорилго нь ирэх дөрвөн жилд Их эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр болон түүнийг боловсруулах үйл явцын талаар иргэд, олон нийтийн байгууллага, төр засгийн төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй солилцоход орших байсан. Оролцогчдын санал бодол, хүсэлтийг сонсож, эндээс гарсан хэрэгтэй, ашигтай саналуудыг боловсруулж буй мөрийн хөтөлбөртөө тусгах, санаа авах нь тэдэнд болон бидэнд хэрэгтэй байсан байх. Мөн цаашдын үйл ажиллагаанд нь ч хэрэгтэй санаа, санал гарч ирнэ хэмээн уг уулзалтыг зохион байгуулж тэднийг урьсан.
Уулзалт ярилцлагыг Датаком компанийн захирал Б.Энхбат хөтөлж явуулсан бөгөөд оролцогчдод чөлөөт ярилцлагыг явуулах болсон шалтгаан, зорилгынхоо талаар танилцуулсан юм. Нээлттэй нийгэм форумаас энэ удаагийн УИХ-д хоёр гол хүчин болсон Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт урьдчилсан шинжилгээ хийсэн байна. Хоёр хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрт амласан гол амлалтууд манай эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх талаар шинжилж дүгнэлт гаргажээ.
Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт доктор Ч.Хашчулуун, МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Б.Алтанцэцэг нар шинжилгээ хийсэн байна. Мөрийн хөтөлбөрүүдийн ижил ба ялгаатай талуудын талаар Нээлттэй нийгэм форумын менежер Н.Доржханд тоймлон хүргэсэн.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн бодлого, ардчилсан засаглалын чиглэлээр эн тэргүүнд ямар асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн асуултыг оролцогчдод тавьснаар чөлөөт ярилцлага эхлэв. Оролцогчид мөрийн хөтөлбөрүүдэд татварыг бууруулах, иргэдийн орллогыг нэмэгдүүлэх, ажлын байр, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн асуудлууд тусгагдсан байгаа ч яг нарийн тооцоо баримт судалгаагүй. Мөн адил төстэй зүйлүүд олон байгаа ч тодорхой тоон үзүүлэлт байхгүй талаар шүүмжилж байв. Хоёр талын гол амлалт болох хүүхдийн итгэлийн 10 мянган төгрөг, шинэ хүүхдийн 100 мянган төгрөг, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөр зэргийг дурдаж, үүнийг биелүүлэхийг шаардах болно гэдгээ ч хэлж байсан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай болох, улстөрчдийн хариуцлагын тогтолцоог бий болгох, орон нутгийн сонгуулийг өөрчлөх, төсвийг хяналттай байлгах, хүндээ хандсан эдийн засгийг хөгжүүлэх, төрийн бодлогыг өөрчлөх гээд олон зүйлийн талаар ярилцлаа.
Оролцогчдын саналыг сонсох ёстой байсан төр, засгийн төлөөлөгчид ирээгүй тул энэ удаагийн уулзалт ярилцлагын ач холбогдол багаслаа. Уг нь тэднийг байлгаж байгаад нүүр нүүрээ харан ярилцсан бол хэрэгтэй байсан юм. Тэнд хэдэн хүн ярилцаад шийдэхээр болоод байдаг. Гэтэл боловсруулж буй мөрийн хөтөлбөрт нь манай улсын шилдэг эрдэмтэн, судлаач гээд олон хүний санаа бодлыг тусгаж, оролцуулах хэрэгтэй шүү дээ. Энэ удаагийн УИХ-ын сөрөг хүчин нь ард түмэн болсон. Тиймээс ард түмний үгийг сонсож, тэдний санал бодлыг түлхүү оруулах хэрэгтэй. Дараагийн уулзалт ярилцлагадаа төр, засгийн төлөөллийг заавал байлгах хэрэгтэй гэж оролцогчид энэ удаагийн уулзалтыг дүгнэж байлаа. Энэ нь ч зөв зүйтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
/Өдрийн сонин, 2004, 08.31, 215/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button