Жинхэнэ эр нөхрийг хэрхэн яаж эрж олох вэ?

Юуны өмнө хүүхнүүд бидний мөрөөдлийн эрчүүд сайн янаглагч, бас итгэлтэй эр байх ёстой.
Түүнээ өөр бусадтай хуваалцахыг бид хүсдэггүй. Тэр албан тушаал горилдоггүй ч ажилдаа сайн байх учиртай. Бас ар гэртээ халамжтай байвал бүр сайн. Yүнээс гадна бидний жаргал зовлонг сайтар ойлгодог, элэгсэг, нэг үгээр хэлэхэд Ален Делон, Бельмондо мэтийн зартай эрчүүдээс бага боловч зүйлийг өөртөө шингээсэн байгаасай гэж хүснэ.
Зарим хүүхнүүд хэн нэгэн эртэй учирчихаад одоо ч миний урхинд орчихлоо гэж боддог. Гэвч бүр ойртоод зүтгэтэл дэгээнд нь огт өөр загас орчихсон байх нь бий. Мэдээж дахиад л жинхэнэ дурлалын эрэлд хатах хэрэг гарна гэсэн үг. Энэ чиглэлд эмэгтэйчүүд бидний зарим нь азтай байдаг бол нөгөө хэсэг нь бүхий л амьдралынхаа турш хүлээн хүлээсээр дуусдаг.
Яагаад тэр билээ? Сэтгэл судлаачид эмэгтэйчүүд семинар дээр илтгэл тавихдаа Яагаад гэвэл бид чухам хэнийг эрээд байгаагаа мэддэггүй, бидний мөрөөдөл олон талтай, бас олон өнгөтэй. Ийм учраас өөрийнхөө бат хүсэл зорилгыг сайтар задлан тунгаах хэрэгтэй. Yүний дараа л тодорхой хүссэн хэн нэг эрийн эрэлд гарах нь зөв гэж тайлбарласныг тун бодууштай юм.
Бид чухам юунд буруу ханддаг юм бол?
Юуны өмнө аль нэг эрд сохроор дурлан хөл алдахынхаа оронд тавьсан зорилгодоо ажил хэрэгч хандах нь зүйтэй. Тэгэхдээ эхлээд надад яагаад хань хэрэгтэй вэ гэсэн асуултыг өөртөө тавь. Чухамдаа би гэр бүл, үр хүүхэдтэй болохыг үнэхээр хүсч байна уу? Нэг үгээр хэлбэл болж бүтэхээсээ болохгүй зүйлсийг нь эн түрүүнд тунгаах нь зөв юм. Хос хоёрын өдөр тутмын сонирхол нь оюун санааны хувьд яв цав тохирч байх нь гарцаагүй чухал. Гэвч түүнийг хэрхэн олж илрүүлэх вэ? Хүссэн залуугаа хайж олох эрлийг өөрийг тань сонирхдог эрчүүд байдаг тэр л газраас эхлээрэй. Бас хүсэн мөрөөддөг эрийнхээ тухай тун тодорхой ургуулан бодоод түүний эрэлд системтэй хандах нь зүйтэй.
Тэгэхээр эхлээд чухам хаашаа явж эрэх вэ?
Мэдээж өөрийн тань мөрөөдөл хүсэл сонирхолтой тулгарч болох тэр л зүг рүү явах хэрэгтэй. Хэрэв та бүжиглэх дуртай бол дискотек юм уу, бүжгийн сургуульд очих нь зөв. Эрүүл аж төрөхийг эрхэмлэдэг бол спортын танхимд очоорой. Гэнэтийн учралыг хүлээлгүй өөрөө идэвхтэй хайх хэрэгтэй. Хэрэв хүссэн эрээ хараахан олоогүй бол бүү гутар. Шинэхэн танилтай учиръя гэвэл сонирхолтой, илэн далангүй байх нь чухал.
Тэгэхдээ таны ганц бие амьдрал зарим талаар давуу талтай байгааг бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, таныг амралтаа тав тухтай өнгөрөөхөд хэн ч саад болохгүй, өглөөгүүр хэн ч дуудаж сэрээхгүй, дургүй байхад чинь янаглая гэж хэн нэгэн зовоохгүй гэсэн үг. Ганц хүнд амьдралын тухай эерүү бодол таны аажимдаа жинхэнэ ханиа олох үндэс болно. Гэхдээ үүний хамт ганц бие амьдралаасаа татгалзахад бэлэн байх чанарыг хадгалж явах нь зөв. Энэ нь сэтгэл судлаачийн хэлснээр хэрэв чи ганцаараа амьдрах чадвартай бол хосоороо амьдарч бас чадна гэсэн үгийн баталгаа юм шүү.