Хоёр нам хэн хэнийхээ амлалтыг хүндэтгэж байгаа бололтой

Бэлэн мөнгө амласан хоёр нам ямар амлалтаа оруулах вэ хэмээн бүлгээрээ хэлэлцэж байна. Парламентын хүч тэнцсэн хоёр нам амласан мөнгөө хэзээ, яаж өгөхийг нь сонгогчид тэсэн ядан хүлээж байгаа. Ялангуяа гэрлэх гэж байгаа залуус МАХН-аас 500 мянган төгрөг горьдож байгаа бол хөл хүнд бүсгүйчүүд хувьсгалт намаас төрөөд л 100 мянган төгрөг авчихна, харин хүүхдээ 18 нас хүртэл нь эвслээр тэжээлгэнэ гэж найдаж суугаа. Гэвч эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэвэл төрийн данснаас хиншүү ханхлаад зогсохгүй, гаднаас нийлсэн мөнгө ч их өр болно гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Харин ойрын хэдэн өдөр хоёр намын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдаж тус тусын амлалтаа тунгааж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр намаас амласан бэлэн мөнгө хэр зэрэг тусч байгаа талаар бид тодруулсан юм.
-Хүүхдэд итгэлийн мөнгө олгох тухай асуудал бол зөвхөн мөнгө олгох тухай асуудал биш шүү дээ. Yүний цаана нийгмийн асар том бодлого хэрэгжих гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд эх орондоо, эцэг эхдээ хайртай, түүнийхээ төлөө бахархалтайгаар өсч өндийх нөхцөл бүрдэнэ. Нөгөө ядуурал, ажилгүйдлийг бууруулна. Ер нь 10 мянгыг наад зах нь 5, 6 сар өгчихвөл эдийн засгийн эргэлт дээшилнэ.
-10 мянган төгрөг өгөх вариантаа бас бодох ёстой. Ямар хувилбараар өгөх вэ? Яг өнөөдөр энэ мөнгө хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Улс төрийн нэг хүчин ард түмнийхээ амьдралыг тооцоод мөнгө өгье гэж байхад бид болохгүй гэж хэлэх бас хэцүү. Сонгуулийн явцад бид санал авах талаасаа л гол нь хандсан хэрэг шүү дээ.
Ямар ч гэсэн амласан юм чинь өгч л таарна гэсэн сэтгэлтэй байгаа хоёр нам хэн хэнийхээ амлалтыг хүндэтгэхээс өөр аргагүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Гэхдээ тэдний амлалтыг нам бус эдийн засагчид биелшгүй мөрөөдөл гэж үзэж байгаа юм байна. Тооцоо судалгаа хийж амласан улс төрийн хоёр хүчин амласнаа өгөхийн төлөө бүхий л арга чаргаа хэрэглэнэ гэж байна. Ямар ч байсан 18 нас хүртэлх Монголын бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг өгөх талаар хоёр нам санал нэгдэх бололтой.

/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button