Шинэ УИХ-ын гишүүд сонгогчдынхоо хүүхдийг сургуульд оруулна гэж амлажээ

Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хөдөө орон нутгаас зорин ирсэн байна. Тэд ихэнхдээ дэргэдээ нэг нэг хөдөөний бололтой хүүхэд дагуулжээ. Учир нь тэр шинэхэн сонгосон УИХ-ын гишүүнээсээ сургуульд оруулж өгнө гэсэн амлалтыг нь сануулахаар ирсэн байна. Гишүүний нэрийг дурсахыг хүсээгүй нэгэн эмэгтэйд тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж амлажээ. Тэгээд сонгуулийн үеэр нэлээд их идэвхтэй дэмжин ажилласан гэнэ. Бас нэг хижээл насны эрэгтэй ямааны мах халуун дээрээ гэж хэлсэн ярьсныг нь даруйхан хэлээд авах санаатай ирсэн гэнэ. Бас л хувийн чанартай гуйлт юм байна. Тэдний саналыг нь авч гарсан гишүүд одоохондоо үгүй гэж хэлчихгүй байгаа ч уулзахад тун хэцүү байгаа тухай ярилаа. Төрийн ордонд орохын тулд эртхэн дугаарлаж бичиг хийлгээд авдаг ч цоожтой хаалга мөргөөд буцдаг гэнэ. Зарим нэг нь эхнээсээ залхаад байгаа гэнэ. Гэвч яаж ийж байгаад уулзахаар эцсийн найдвар болгож Төрийн ордны баруун хаалгыг сахих болсон байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Цэмбэлд ханджээ.
-Би уржигдар хөдөөнөөс ирсэн. Цэмбэл гишүүнтэй уулзах гэсэн юм. Утсаар ярих гэхээр байхгүй л гэх юм. Сургуулийн хүүхдийн талаар л хүсэлт тавих гэсэн юм, сахиад л сууж байна.
Харин энэ хэдэн хүнээс өөр ажил хэрэгч хувцасласан эрхмүүд гадаа биш дотуур нэлээд их хөлхөлдөх нь бий. Тэдний хувьд нэг талаар албан тушаал горилогсод гэнэ. Энгийн иргэдээс ялгагдах нь Төрийн ордонд нэг их түүртэлгүй ороод явчихдаг гэж ордны үүдийг бараг бүтэн гурван хоног сахиад байгаа өвгөн бидэнд ярилаа. Гишүүд хүлээх завсар дамын үгийг ч тэд сонсоод авчээ. Тэдний хэлж байгаагаар сонгуулийн сурталчилгаанд хамаг мөнгөө цацаж орхисон намуудын данс улайгаад байгаа. Тиймээс албан тушаалын мөнгөний ханш ч бий болоод байгаа юм байх. Тухайлбал, нэг яамны боловсон хүчний хэлтсийн дарга л гэхэд 10 сая орчим төгрөгийг намдаа хандивлаж байж хийдэг ажил гэнэ.
/MN-25 телевиз/