Цацаа Эрчүүдийн гоо сайхныг харуулахад хувцас хэрэггүй
Ширээн дээр нь бяцхан шилэн саванд хийсэн хөрсөнд сармисны хэдэн хумс дүрс ургуулсан байсан юм. Та ханиаднаас сэргийлж байгаа юм уу гэж асуухад
-Yгүй ээ, зүгээр л гоё байгаа биз дээ? Энэ бүгчим, хачин ертөнц дээр ийм бяцхан, амьд ертөнц соёолж байгааг харах гоё биш үү? гэж өөдөөс асуулаа. Би хэт практик зүйл бодсон байжээ.
УРАН БYТЭЭЛИЙН ТУХАЙ
– Та уран бүтээлийнхээ санааг яаж олдог юм бэ?
– Би юм бодох их дуртай. Энэ буйдан дээрээ суугаад хэдэн цагаар ч хамаагүй юм бодож чадна. Ёстой дэвэн дэлхийг тойрч байгаа юм даа. Ер нь тэгээд ахуйн, элдэв жижиг сажиг асуудлаар өөрийгөө зовоодоггүй болохоор уран бүтээлдээ зарцуулах цаг зав их байдаг. Ингэж юм бодож орчлонгоос тасарч суух миний хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг.
– Уран зураач хүний онцлог юу вэ?
– Ганц зураач ч биш, ерөөсөө уран бүтээлч хүн яг өөрийнхөөрөө байж нийгмийг араасаа дагуулж явах хэрэгтэй. Сан Францискод нэг том үзэсгэлэнд оролцоход америкчууд бид чинь урлагийнхнаа харж л таашаал авч аз жаргалтай байдаг гэж хэлсэн. Гэтэл манайд тийм билүү? Yгүй шүү дээ. Урлаг угаасаа нийгмээсээ нэг алхам түрүүнд явах ёстой гэдэг. Хүмүүсийн тогтонгишсон сэтгэхүйгээс нь салгаж, хүнийг өөрчлөе гэвэл өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. Тэгээд байдаг л нэг хэвшмэл сэтгэхүйгээс нь гаргахын тулд хүмүүсийг цочруулах, сэтгэлийг нь арзгануулах хэрэгтэй. Түүнээс биш уул зураад л тэрийгээ хэдхэн төгрөгөөр өгөөд байхыг бодож болохгүй.
– Уран бүтээлчдийн дунд шударга өрсөлдөөн бий юу? Өрсөлдөх чадвар гэдгийг өнөөдөр дэлхий даяар чухалчилж үзэж байгаа шүү дээ?
– Мэдээж өрсөлдөөн байх ёстой. Харин бусадтай биш, өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй байхгүй юу. Намайг заримдаа таны өрсөлдөгч чинь хэн бэ? Тэр үү, энэ үү? гэж асуудаг. Угаасаа уран бүтээлийн өөр өөрийн өвөрмөц арга барил, огт өөр шийдэлтэй хүмүүс чинь яаж өрсөлдөх юм? Зарим хүмүүс Энэ ийм үзэсгэлэн гаргаж байгаа бол би ёстой үүнээс илүү үзэсгэлэн гаргана даа гэж хор шар, хар нь буцалдаг. Би тэгж боддоггүй. Харин өөртөө Саранцацралт аа, чи үнэхээр уран бүтээлч юм бол өөрийгөө ялсан, давтагдашгүй тийм нэг үзэсгэлэн гаргаадахаач гэж өөртөө хэлэх ёстой л гэж боддог.
– Та дээлээр их олон бүтээл хийжээ?
– Тийм. Монгол хүний дээл гэдэг хувцас өөрөө их сонин, их олон төрлийн хэрэгцээг хангадаг. Бид бие засахдаа хормойгоороо далдалж, унтахдаа нөмөрч, хөдөө нутагт дээлэн дотроо секс хүртэл хийдэг биз дээ? Манайхан эзэн нь мөнх, эд нь хэврэг… гээд л ерөөдөг. Гэтэл үнэндээ бол эд нь мөнх эзэн нь хэврэг байдаг. Хүн өөрийгөө өчүүхэн гэдгийг мэдэрч байх хэрэгтэй.
Саранцацралт нүцгэн эр хүн олныг зурсан. Хувцасгүй хүний зураг зурах дуртай. Яг энэ тухай нь ярилцаад сууж байх агшинд ярилцлага авахаар орж ирсэн нэгэн сурвалжлагч түүнээс Та яагаад дандаа эротик зураг зурдаг юм бэ гэж асуусан юм. Түүний асуултанд Цацаа яагаад ч хариулсангүй. Харин гарсны нь дараа
– Намайг нүцгэн зураг зурдаг болохоор хүмүүс эротик зураач гэж ойлгоод байх юм. Гэтэл би ердөө ч тэгж тухайлж эротик зураг зурж байгаагүй. Зурах ч үгүй болов уу. Угаасаа арга, билэг гээд ярихаар яах аргагүй л эр, эмийн тухай ярих болно шүү дээ. Хүмүүс намайг Энэ Саранцацралт бүр хамаг сэрэл юм нь хөдлөөд байж ядахаараа нүцгэн эр хүн зурдаг байх гэж боддог юм шиг байгаа юм. Yгүй ш дээ. Би зүгээр эмэгтэй хүн учраас л эр хүн зурах дуртай. Надад байхгүй юм, сэтгэл тэдэнд байдаг учраас. Миний бодлоор хүний, эр хүний гоо сайхныг харуулахад хувцас хэрэггүй. Байгаль эхийн заяасан бодгал нь өөрөө гайхамшигтай байхгүй юу даа. Хүний мөн чанарыг харуулахад хувцас хэрэггүй. Тэгээд ч би эр хүнийг хайрлаж, хүндэтгэж явдаг … гэж хэлсэн юм.
ЭРЧYYДИЙН ТУХАЙ…
Цацаад дурлаж, хайрлаж, уран бүтээл, зүрх сэтгэлээ зориулж явсан, яваа олон сайхан эр бий. Хоёр жилийн өмнө нэгэн сонин дээр Эрчүүдийн сэтгэлийг татаж сээтэгнэх урлагт суралцахыг хүсвэл зураач Саранцацралтаас асуу гэсэн нэгэн мэдээ байж билээ.
– Таны амьдралд учирсан эрчүүдийн тухай яриач? Таныг хайрлаж, дурлаж явдаг хүмүүст та ямар хариулт өгдөг вэ?
– Миний амьдралд тааралдсан, учирсан, уулзсан, намайг хайрласан, миний хайрласан бүх эрчүүд үнэхээр сайн, сайхан хүмүүс байсан. Надтай нэг ч өөдгүй, муу эр тааралдаж байгаагүйд би баярладаг. Энэ хорвоод анх харсан, мэдэрсэн эр хүн бол мэдээж аав минь. Миний аав хүний хайр, хүндэтгэл хүлээсэн ховорхон сайхан хүн байсан. Би эр хүнийг хайрлах, хүндэтгэх, бахархах сэтгэлийг ааваараа үлгэрлэж сэтгэлдээ шингээсэн байх. Дараа нь учирсан хүн бол Бат-Эрдэнэ. Бид хоёр хойно байхдаа танилцаад үерхээд, одоо 20 гаруй жил болж байна. Тийм ээ, надад дурлаж, намайг хайрлаж явсан, явдаг сайхан эрчүүд бий. Би тэдэнтэй чин сэтгэлээсээ, сайхан харьцдаг. Хэзээ ч гомдоохыг хүсдэггүй. Муу муухай үг хэлдэггүй. Намайг тэгж хайрлаж, хүндэтгэж байгаагийн нь төлөө би тэднийг хайрлах ёстой гэж боддог.
– Ажлаа бүтээхийн тулд ч юм уу эрчүүдтэй хөнгөхөн сээтэгнэх хэрэг гарах уу?
– Харин тэгж чаддаггүй болохоор л миний ажил тэр бүр бүрэн дүүрэн бүтээд байдаггүй ш дээ. Зүгээр найз нөхөдтэйгээ марзганаж тоглох бол хэнд ч байдаг л зүйл. Хүнтэй ажил төрөл яриад уулзахад нэг мэдэгддэг дээ. Цаанаа нэг бодол цухалзаад намек гараад ирвэл би дахиж уулзах, харьцахаа больчихдог. Надад тэгж хүчээр, өөрийнхөө хүсээгүй замаар ажлаа бүтээх бодол байдаггүй. Хэрвээ би тэгж аалигүйтээд, сээтэгнээд ажлаа бүтээчихдэг байсан бол өдийд хувийн галерейтай болчихсон байгаа даа.
– Эрчүүд сэтгэлээ танд яаж илэрхийлдэг вэ?
– Янз янз. Зарим нь шууд уулзана л даа. Харин надад их гоё захианууд ирдэг. Уран зохиол, яруу найраг шиг сайхан, уянгатай бичигдсэн захиа унших их гоё. Одоо гар утас гараад message бас ирэх болж. Ер нь хүн чамд зориулаад үүнийг бичжээ гэж бодох сайхан.
– Та тэр захиануудаа хадгалдаг уу?
– Yгүй дээ, уншаад л устгачихдаг. Заримыг нь хадгалаад, энд тэнд явж байгаад үрэгдчихдэг.
– Эр хүн өөрт чинь яаж хандвал танд илүү таалагддаг вэ?
– Харилцааны соёлын хувьд хүн бүр харилцан адилгүй л дээ. Зарим нь их сайхан, соёлтой байхад зарим нь аймшигтай бүдүүлэг. Yнэнийг хэлэхэд манай эрчүүд эмэгтэй хүнийг гоё панаалдаж чаддаггүй. Эмэгтэйчүүдтэй харьцах харилцааны хувьд дөнгөж л насанд хүрч яваа өсвөр үеийн хүүхдүүд teenager шиг санагдаад байдаг юм. Эмэгтэй хүн гэдэг чинь угаасаа эрчүүдэд зориулагдан бүтээгдсэн байгалийн гоёмсог бүтээл. Яах гэж би элдэв чамин ээмэг зүүгээд л нүүрээ будаж, гар хуруугаа янзалдаг. Бүсгүй хүний хийж, ярьж байгаа бүх байдал эр хүнд л таалагдах гэсэн далд ухамсартай амьтан шүү дээ. Тэртэй тэргүй өөрт нь зориулагдсан тэр юмыг чинь нэг зөөлөн, гоё, сэмхэн өөрийн болгож болноо доо. Гэтэл энийг манай эрчүүд ердөө ойлгодоггүй, их бүдүүлэг, мэдрэмжгүй байдаг. Эмэгтэй хүн бүр магтаал, эелдэг сайхан үгэнд дуртай. Харин манайд эхнэртээ, найз бүсгүйдээ, ер нь эмэгтэй хүнд ийм магтаал хэлдэг эр хүн ер нь байдаг юм уу? Хэдийгээр мань эр худлаа магтаж байна даа гэж бодсон ч тэр үг чинь эмэгтэй хүний чихэнд аятайхан сонсогддог байхгүй юу. Ихэнх нь эмэгтэй хүний сэтгэлд хүрэх гэж тоглож чаддаггүй. Хэрвээ би эр хүн байсан бол бүсгүйчүүдийг ёстой соёлтой, гоё эргүүлж чаднаа.
– Өөрт чинь таалагдаад байгаа эр хүнтэй болзож, учирч чадах уу?
– Чадна л даа. Гэхдээ миний бодлоор хүмүүсийн хооронд их олон талт харилцаа байдаг. Секс бол ердөө тэрний ганц л хэлбэр нь. Би амьдрал дээр ч, уран бүтээлдээ ч сексийн хар эротик гэдэг юм уу, байгалийн талыг төдийлөн анхаардаггүй. Харин ямар ч харилцааны сэтгэлийн тал нь хамгаас чухал. Түүнээс шунал тачаалаа дарах гээд л энэ надад таалагдсан юм чинь яадаг юм гээд хэн хамаагүй хүнтэй унтаж хэвтээд л , эсвэл энэ надад сайн юм чинь миний төлөө ингэх ёстой гэж өөртөө үйлчлүүлэхийг боддоггүй. Харин далдаас, намайг одоо тэр хүн бодож, санаж байгаа даа гэж сэтгэлдээ бодох төдий л өег сайхан байдаг.
– Гэхдээ хүмүүсийн сексийн харилцаанд та дургүйцдэггүй юм байгаа биз дээ?
– Yгүй л дээ. Тэхдээ жишээ нь 45-50 настай эмэгтэйчүүд 18-20-той, охины нь найз баймаар залуу хөвгүүдтэй уулзаж учрахыг би огт таашаадаггүй. Энийг бол би моралийн /ёс суртахууны/ буруу зөнөглөл гэж хэлнэ. Ямар ч юм байгалиас заяасан зохицолдолгоо гэж бий шүү дээ.
МИНИЙ НӨХӨР, ӨВГӨН, ХӨГШИН ГЭЖ ХЭЛЭХ ШААРДЛАГА БАЙХГYЙ…
Түүний өвөрмөц ертөнцийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би түүнийг дотроо арай өөрөөр боддог юм. Минийхээр бол Цацаа хүнд ямар харагдах, ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүснэ, яг түүгээрээ байж чаддаг хүн. Энэ бол гайхамшигтай чадвар. Хэдийгээр нөхрөө манай нөхөр, хань гэж хэлдэггүй, заримдаа бүр үл тоомсорлосон мэт бусдад харагддаг ч надад бол харин ч халамжтай, ханийнхаа төлөө зүтгэдэг бүсгүй гэж бодогддог. Хүүхдүүдээсээ хөндийдүү, тэдэнд санаа зовдоггүй, тэгээд ч хүүхэд төрүүлэх дургүй гэж ярьдаг ч үнэндээ бол тэднийхээ төлөө бүхнээ зориулан зүтгэдэг ээж гэж санагддаг. Тэр гэрийнхнийхээ тухай хайхрамжгүй мэт ярихыг оролдож байсан ч хүүхдүүдээрээ бахархсан, нөхрөө хайрласан эмэгтэй хүнийхээ сэтгэлийг нууж чадаагүй. Харин уян зөөлөн, сул дорой харагдахаас айдаг эсвэл хүсдэггүй юм болов уу гэж бодогдлоо.
– Та гэр бүлийн биш, хувийн эрх чөлөөгөө магтан дуулагч байхыг илүүд үздэг гэж ярьдаг. Хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлага зэргээс чинь хүмүүс таныг их хачин, гэр бүлээсээ хол хөндий гэж боддог шүү дээ?
– Харин тийм ээ. Зүгээр би байгаагаараа байхаар л хүмүүс тэгж ойлгоод байдаг. Би гэр бүл гэхээр л бие биендээ хамаг юмаа тоочиж, алхам бүрээ мөрдүүлэх ёстой гэж боддоггүй. Би их азтай хүн. Намайг ойлгож дэмждэг хүнтэй учирсан. Би Бат-Эрдэнийг миний өвгөөн, хөгшөөн энэ тэр гэдэггүй. Телевизээр хүний тухай нэвтрүүлэг гарахаар л эхнэр нь аягатай цай барьж ирээд л миний өвгөөн, өвгөөн гээд байдаг. Хүнийг заавал өвгөн, хөгшин гэж байх ямар хэрэгтэй юм? Надад угаасаа ийм байдал таалагддаггүй. Би зүгээр Батлаа л гэж дууддаг.
-Ер нь эр хүн гэж хэн бэ?
-Эр хүн бол баримлын шавар. Баримлын шавар чинь зөөлхөн ш дээ. Тэр баримлын шавраар юу, ямархуу дүрс, хүн хийхийг эмэгтэй хүн л мэддэг байхгүй юу.
– Тэхээр та хоёр бүрэн дүүрэн ойлголцдог гэсэн үг үү?
– Тэгэлгүй яах вэ. Бид хоёр анх нийлэхдээ хэн хэнийхээ хэрэгт оролцохгүй гэж тохиролцоод, нэг ёсны гэрээ хийсэн. Миний бодлоор гэр бүл салж, хүмүүс муудалцдаг хардалт, мөнгө гэсэн хоёр том шалтгаан байдаг. Тэгээд бид хоёр энэ хоёр зүйлийн тухай хэзээ ч ярихгүй гэж тохиролцсон. Бид хоёр чинь санхүү нь тусдаа хүмүүс шүү дээ. Тийм болохоор нийлээд хорин жил болоход энэ гэрээ огт зөрчигдөөгүй, бид нэг ч муудалцаж маргаж байгаагүй. Амьдралд энэ л чухал. Түүнээс олны өмнө нэг их халамжтай хүн болох гэж худлаа хошуугаа унжуулах ямар ч хэрэг байхгүй. Манай нөхөр, өвгөн гэж хэлэх ч шаардлага байхгүй. Хүмүүс намайг их эрх танхи, нөхөр нь алган дээрээ бөмбөрүүлээд юу ч хийлгэдэггүй байх энэ тэр гэж ярьдаг л гэсэн. Гэтэл би тийм биш шүү дээ. Ер нь эршүүд, хэнээс ч гэсэн юм гуйгаад байхгүй. Тэгээд ч би Бат-Эрдэнийг тэгж айлын нөхөр шиг байлгаагүй. Би хэзээ ч мөнгө ол, ажил хий, надад ийм юм хэрэгтэй, би тэгмээр байна гэж элдэв юм нэхэж, өглөө нарнаас үдшийн бүрийн болтол ажиллуулж байгаагүй. Тэгсэн мөртөө бид хоёр бие биенээ сайн ойлгодог. Би Бат-Эрдэнийг миний уран бүтээлийг сайн ойлгож дэмждэг сайн найз нөхөр л гэж боддог, тэгж ч ярьдаг.
– Та үүнийхээ төлөө бусдаас янз бүрийн үг сонсдог уу?
– Өө тийм. Хүмүүс энэ нэг их зантай гажиг хүүхэн. Нөхрөө доош нь хийдэг, аалигүйгээ бусдад гайхуулдаг гэж л байдаг юм. Гэхдээ би хэнтэй ч ярилцаж байсан энэ намайг ингээд хэлчих бол уу, тэгээд бодчих вий гэж айж болгоомжилдоггүй. Би өөрийнхөөрөө л байдаг.
– Гэхдээ таны илэн далангүй яриаг сэтгүүлчид эргүүлж хөрвүүлээд биччихдаггүй гэж үү?
– Заримдаа тийм явдал гардаг л даа. Гэхдээ сэтгүүлчид надад муу ханддаггүй. Би тэдэнд миний хэлэх гэснийг үзэгчдэд дамжуулж байдагт нь баярладаг аа.
– Нууц биш бол та хоёр яаж танилцсан бэ?
– Хойно зургийн сургуульд байхдаа. Би 19, Бат-Эрдэнэ 22-той байсан. Хэн хэн нь хүүхдээрээ, амьдрал үзээгүй, хиргүй цэвэр сэтгэлтэй байхдаа учирсан даа. Гэхдээ үнэнийг хэлэхэд би хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй, уран зураг, бүтээлдээ л бүх амьдралаа зориулна гэж боддог байсан. Гэтэл амьдрал санаснаар болохгүй юм л даа. /Энэ үед Бат-Эрдэнэ орж ирэв/
– Бат-Эрдэнэ ах аа, та бас хүнтэй суухгүй гэж боддог байсан уу?
– Yнэнийг хэлэхэд тэр тухай бодож ч амжаагүй. Юун хүүхэд, амьдрал… Тэр үед энэ тухай огтхон ч төсөөлөлгүй байсан л даа. /инээгээд гарав/
– Гэхдээ та үр хүүхэд төрүүлж эх хүн болсондоо харамсдаггүй юм байгаа биз дээ. Хүсэхгүй байсан бол дахиад хүүхэд гаргахгүй биш үү? Гэтэл та хоёр охинтой болсон байна ш дээ?
– Нэгэнт гарчихсан хүүхдийг яах юм? Yнэндээ би гаргахгүй гэж бодож, бас ч оролдсон л доо….. Гэхдээ манай хоёр охин энэ ертөнцөд хүн болж ирэх гэж ирсэн хүмүүс гэх үү дээ.
ГОО САЙХАН, ЗАЛУУ НАСНЫ ТУХАЙ…
Өөрийнх нь зургийг тусгайлан авахуулж сониндоо тавья гэхэд өөрийгөө одоо хөгширсөн, муухай гарна гэж дургүйцлээ. Гэхдээ тэр сэтгэлдээ өөрийгөө хэзээ ч хөгширчээ гэж боддоггүй.
– Франц бүсгүйчүүдийн өтөлтлөө гоо сайхнаа хадгалдаг 6 зарчмын нэг нь 40-42 насандаа хүүхэд төрүүлэх гэж байдаг. Та дахин хүүхэд төрүүлэхгүй юм уу?
– Өө ёстой үгүй. Би хүүхэд гаргах дургүй.
– Та наснаасаа залуу, сайхан харагддаг. Таныг охидтойгоо байхыг чинь харсан хүн гайхаад байдаг шүү дээ?
– Харин тийм ээ. Бид гурвыг хамт явж байхаар хүмүүс Ямар үнэмшмээргүй юм бэ гэж байдаг л юм. Хүний залуу, сайхан байх нь сэтгэл санаатай нь холбоотой. Дотроо, сэтгэлээ бохирдуулчихаад нүүрэндээ хэдэн арван мянган төгрөгний үнэтэй тос түрхээд ямар ч нэмэргүй. Сэтгэлээ цэвэрлээд, элдвийн хар санаа, муу сэтгэл агуулахгүй явбал залуу хэвээрээ л байна гэж би боддог. Хүмүүс намайг чи сайхан, залуугаараа байна гэхээр баярладаг. Тэгээд өөрийнхөө энэ залуу, сайхан байгааг урлагийн ач гэж боддог, урлагийн, уран бүтээлч хүн болсонтой холбож ойлгодог. Мэдээж тэгээд элдвийн юманд санаа зовохгүй, сэтгэлээ хямраахгүй байхыг боддог бас нөлөөлдөг байх л даа.
– Жишээлбэл?
– Жишээлбэл, өрөөнд маань 3-хан настай охинтойгоо орж ирсэн найз маань Энийг одоо яажшуухан өсгөнө дөө, ямаршуу сургуульд оруулдаг юм байгаа юм, ямар хүнтэй таарч зовох бол гэж айх юм… гэдэг. Би тэхээр нь Боль доо. Би 22 настай охиноо ингэж бодохгүй байхад… гэдэг л дээ. гуравхан настай хүүхдийг хүнтэй суух тухай нь бодож байна гэдэг чинь нэг ёсондоо солиорол биз дээ? Ийм дэмий юм бодоод байвал хөгшрөхгүй яах юм. Өөрийнхөө цаг хугацааг болохоор бүх зүйл жам ёсоороо л болно шүү дээ.
– Бүсгүйчүүдэд та юу гэж хэлэх дуртай вэ? Бидэнд юу дутагддаг вэ?
– Угаасаа эр хүн эмэгтэй хүнийг харж, хайрлаж байх ёстой. Манай бүсгүйчүүдийн хувьд өөрийгөө таньж мэдэх явдал дутагдалтай юм шиг санагддаг. Би тэгэх ёстой, ингэх ёстой гэж бодох биш, би өөрөө хэн бэ гэдгээ л юун түрүүн сайн ойлгож мэдрэх, зөв тодорхойлох хэрэгтэй гэж би боддог.
Цацаа ажил ихтэй, орон гаран байна. Би урлан дотор нь элдвийг ажиж удаан суув. Том шаргал хоргой жанч нөмөргөсөн тохой хэрийн суугаа бурхан анхаарлыг маань татлаа. Цацааг шүтлэгтэй хүн гэж хэлмээргүй. Гэвч сэтгэлийнхээ гүнд тэр бурханд чин сэтгэлээсээ итгэн сүсэлдэг бололтой. Бас олон яст мэлхийтэй юм.
– Та хэр шүтлэгтэй вэ? Том бурхан байна шүү?
– Yгүй ээ, би нэг их айхтар шүтэж бишрээд гандан хийдээр яваад байдаггүй ш дээ. Зүгээр л хүн бусдад хар санахгүй сэтгэлээрээ ариун байвал болно гэж боддог. Энэ бурхныг Ажаа гэгээн өгсөн болохоор би нандигнадаг юм.
– Танд их олон яст мэлхий байх чинь. Яст мэлхийг урт удаан амьдралын билэг тэмдэг гэдэг байх аа?
– Эд нар ч яах вэ амьгүй. Надад амьд гурван яст мэлхий бий ш дээ. Тэр, энэ хар даа. /Хуурай газрын нэлээн том яст мэлхийг дэргэдээсээ аваад үнсэв/ Би энэнд их хайртай. Томоотой, хөөрхөн ш дээ.
Цацаа юугаараа гайхамшигтай вэ гэж би өөрөөсөө асуулаа. Тэр өөрийг нь яг ийм байдлаар хүмүүс ойлгож, хүлээж аваасай гэдгээ бий болгосноороо, яг тийм байж чаддагаараа гайхамшигтай. Заримдаа түүнийг үл ойлгогдох ертөнц гэх нь бий. Тэр бусдад үл ойлгогдох ертөнц байхыг хүсдэг учраас л тийм байгаа хэрэг. Өөрийнхөөрөө байна гэдэг ховорхон чадвар. Бусдыг өөрийнхөө хүссэнээр байлгана гэдэг бүр мундаг чадвар юм.
Ч.Мөнхзул