Сарын найз ирлээ…
Сарын тэмдгийн үзэгдэх хугацаа, хоорондын нь зай хүн бүрт харилцан адилгүй. Нэг удаагийн биеийн юм үзэгдсэн өдрөөс эхлэн тоолж дараагийн биеийн юм үзэгдэх хугацааг сарын тэмдгийн мөчлөг хэмээн нэрлэнэ. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед бидний осолтой үе гэж нэрлэдэг өндгөн эс боловсрох үе тохиодог. Харин өндгөн эс яг аль өдөр нь боловсордог вэ гэдгийг мэдэхэд бас ч тийм хялбар биш.
Сарын тэмдгийн хэмжээ буюу эмэгтэй хүнээс сар бүр гарах цусны хэмжээ нь тухайн хүний бие махбодийн онцлог болон эрүүл мэндээс хамаарч дунджаар 65-80 гр байна. Зарим тохиолдолд 50, эсвэл 90-100 гр гарч болно. Эдгээрийг хэмжээний хувьд бага, их байна гэж үзнэ. Сарын тэмдэг тогтмол, хэвийн, өвдөлтгүй ирдэг байх нь тухайн эмэгтэйн бие эрүүл байгааг харуулах бөгөөд хоног хугацаа, хэмжээ алдагдах, сарын тэмдгийн үеэр өвдөлт өгөх зэрэг нь уг хүнд ямар нэг асуудал байгааг илэрхийлдэг. Сарын тэмдгийн үед гарах цусны хэмжээ өөрчлөгдөх нь дааврын зохицуулалт алдагдсантай холбоотой бөгөөд хэт ихсэх нь хүнийг ядраах, сульдаах, цус багадахад хүргэж болзошгүй. Харин сарын тэмдэг удаан хугацаагаар ирэхгүй байх нь өндгөвчний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Мөн биеийн ерөнхий эрүүл мэнд, цус багадалт, дотоод шүүрлийн өөрчлөлт, бодисын солилцооны хямрал, сэтгэл санааны дарамт, хямрал гээд олон зүйл нөлөөлдөг байна.
Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Дунджаар 3-5 хоног боловч зарим хүнийх 7 хүртэл хоног үргэлжилдэг. Энэ нь мөн дээр өгүүлсэн хүчин зүйлүүдтэй холбоотой.
Эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн хуанлийг тогтмол хөтлөх нь биеэ эрүүл байлгах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эсвэл хүссэн хүүхдээ олох, сэтгэлийн хямралгүйгээр бэлгийн харьцаанд орж таашаал авах зэрэг олон талын ач холбогдолтой. Тиймээс өөрийн эрүүл мэндээ хянахад зөвхөн бидэнд байдаг энэ өвөрмөц хэд хоног чухал үүрэгтэй юм.
Бүсгүйчүүддээ сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн дугаартаа бид өндгөн эсийн боловсрох хугацааг хэрхэн зөв тогтоох вэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлах болно.