Чулууны зурлага

Загас
Энэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд олон өнгөтэй байдаг бөгөөд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болой. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог өнгөө алдана. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсч байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хүнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор үнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.
Хонь
Ивээлтэй чулуу нь алмаас эрдэнэ, бадмаараг. Алмаас эрдэнэ бол хамгийн үнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хүч итгэл үнэмшлийг өгдөг. Ажил үйлст амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаас эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хүндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шүү. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хүнийг хорлоно. Шархыг түргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн үг.
Yхэр
Энэ ордны ивээл чулуу нь оюу, индраанил юм. Оюу нь хувиршгүй, үнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг тасалж эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Муу хүнийг улам харгис хэрцгий болгоно. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд зөн эвгүйрэхэд, цус алдахад, шар өвчний үед ээлтэй сайн. Эзнийхээ өвчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хүний мэдэх ухаарах хүслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гүтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хүн зүүн гартаа индраанил шигтгээтэй бөгж зүүвэл сайн.
Ихэр
Ихрийн ордны чулуу бол гартаам, биндэръяа юм. Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бүрдүүлдэг. Элдэв хорлол, нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж, нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартааман зүүлт зүүвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжүүлж өдөг. Биндэръяа зүүсэн хүн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.
Мэлхий
Энэ ордны ивээлтэй чулуу нь саран чулуу, маргад, барын нүд юм. Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэн зүүж хэрэглэдэг. Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон, муу бүхнийг хөөн зайлуулдаг, зүрх сэтгэлийг чангатгадаг. Нүдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зүүвэл нас уртасна. Бусдад хууртахгүй, үнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зүүгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгүй.
Арслан
Энэ ордны ивээлтэй чулуу нь хув, молор эрдэнэ юм. Хувыг олон өвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний, хоолойн, үе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргүйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зүүвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хүсэл тачаалыг даран, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяана.
Охин
Ногоолин, чон чулууд ивээлтэй сайн. Ногоолин нь амьдралын чулуу гэгддэг. Хүч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увдистай. Чонын арьсны өнгийг сэргээн засч, шүдний өвчинд халуурахад ээлтэй сайн. Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгүй.
Жинлүүр
Энэ ордны чулуу бол номин, опал юм. Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу. Итгэл найдвар, үнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Тогтвор муутай, олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зөн билгийг ивээдэг. Опалыг зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггүйн учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгүй. Энэ ордны хүний сул дорой, тогтворгүй, хувирамтгай занг номин зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хүн номин зүүлт зүүвэл сайн.
Хилэнц
Ивээл чулуу нь шоргоолжин чулуу, анар юм. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу.
Нум
Нумын ордын гол чулууд нь ягаан болор, молор эрдэнэ юм. Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зүүвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хүсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчинг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдүйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.
Матар
Энэ ордын ивээл чулуу нь бадмаараг, мана юм. Эдгэр чулуудыг зүүвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зүрхний өвчин, нойргүйтлийг эмчилж, муу бодлыг хөөн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.