В.Жириновский Монголд ирэх хүсэлтээ илэрхийлжээ

Владимир Вольфович саяхан ийм хүсэлт гаргажээ. Хөрш улсаа гэв гэнэт сонирхох болсон нь Монгол дахь улс төрийн шинэ нөхцөл байдлаас үүдэлтэй байж болох талтай. Их гүрний том занг үе үе илэрхийлж шуугиан дэгдээдэг Жириновский Монголын парламентад ямархуу авир төрхтэй зочилж, юуг онцлон ярьж хэлэх нь сонин. Түүний айлчлалыг түдгэлзүүлэх шалтгаан үгүй биз ээ.
Харин задгай амт энэ эрийн Монголын тухай тоомжиргүй унагасан үгсийг эргэж сануулах, чимхэж егөөдөн хөндийхөн угтах шалтаг бидэнд бий гэдгийг Владимир Вольфович эрхбиш мартаагүй байгаа байх. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Төрийн Думд намынхаа цөөхөн ч атугай төлөөллийг хадгалсаар ирсэн Жириновскийг дагалдан ирэх баг мөн удахгүй тодрох бололтой.
/weekend/