Энэ намрын гоёл

Нимгэн даашинз, хөнгөн гутлаа тайлсан бүсгүйчүүд маань зузаахан хувцсаа сонгож, хотын гудамжнаа энэ намрын шинэ загварыг таниулан алхах болов. Хаа ч явсан өвөрмөц содон моод шилж чамирхах хүсэлтэй хүүхнүүддээ зориулж 2004 оны намар юугаар гоёвол зохистойг сонирхохоор Монголын Дизайнеруудын холбоог зорилоо. Дизайнер Д.Батжаргалтай хэдхэн хором хөөрөлдөв. -Дизайнеруудын холбоогоор сонин юу байна даа?
-Дэлхийн мисст өрсөлдөх монгол бүсгүйг шалгаруулах тэмцээнийг саяхан зохион байгуулсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Түүнээс хойш томоохон арга хэмжээнд оролцоогүй л байна. Сэрүүний улирал наашлаад охид, бүсгүйчүүдийнхээ захиалгад дарагдаад л сууж байна даа.
-Ихэвчлэн ямар хувцасны захиалга ирж байгаа вэ?
-Сүүлийн үед манайхан үндэсний үнэр шингэсэн хувцсаар гангарах хүсэлтэй болжээ. Дээлний захтай цамц, хүрэм, хантааз гэх мэт загвар захиалж өмсөх сонирхол түлхүү байх шиг.
-Намрын гоёлдоо ямар хувцас сонговол зүгээр вэ?
-Нэг загварт баригдахыг хүсдэг охид залуус ховор болсон байна. Намрын хувьд хаврын гоёлоосоо онц өөрчлөгдсөнгүй. Ээж, аав нарын үеийн буюу 1960-1970-аад оны загварууд түлхүү орж ирж байна. Харин оюутан охидуудын хувьд задгай, чөлөөт байдлыг илүү сонирхож элдэв чимэг, зүүлтээр гангарч, нэгнээсээ ялгарахыг хичээдэг болсон.

Дугуй хоншоорт моодонд орлоо
Бусдын нүдэнд хамгийн түрүүнд өртдөг нь гутал. Гутал сайт ертөнцийг тойрно гэдэг үг ч бий. Хотын дэлгүүрүүдээр гутал хайж гүйхдээ олон зүйл бодолгүй бөөрөнхийдүү хоншоортойг нь сонгох хэрэг гарах нь. Энэ намар, ер нь гутлын ертөнцөд өдгөө энэхүү загвар ноёрхож эхлээд байгаа аж. Дугуй хоншоортой, өсгийтэй, өсгийгүй гутал таныг залуухан, бас дэгжин цэвэрхэн харагдуулах юм.

Жинсэн хүрмээр гангарна
Сэрүүн улиралд бидний илүүтэй нөхөрлөдөг хувцас бол чамин хийцийн хүрэм. Охидууд маань энэ намар өнгөрсөн хаврын адил бүсэлхийнээс доош уртгүй куртка, жинсэн хүрмээр гангарна. Харин ажил хэрэгч, нас тогтож буй бүсгүйчүүд маань бэлхүүсээрээ нарийн, өвдөгнөөс хэтрэхгүй урттай цув, пальто, савхин хүрмээр гоёх аж. Хүрэмний хувьд зах, ханцуйгаараа том нэхээстэй ба үслэг оруулгатай байх нь элбэг болно гэлээ.

Цүнхний загвар таны мэдэлд
Ямар ч хувцсанд зохицуулж барьсан цүнх дэгжин харагдуулдаг, таныг илэрхийлэх хамгийн том чимэг болдог. Урт богино оосортой, том жижиг, дугуй дөрвөлжин гээд төрөл бүрийн цүнх дэлгүүрийн лангуунаа өрөөстэй байна. Харин ямар цүнх сонгож хэрхэн ижилсүүлж барихаа өөрөө л сонгох нь таны мэдэлд үлдлээ.

Ажил хэрэгч намар
Намрыг ажил хэрэгч улирал гэж нэрлэвэл санал зөрөхгүй биз дээ. Хичээл, ажлын шинэхэн гараа энэ л улиралд эхэлдэг учраас ажил хэрэгч хувцасны эрэлт огцом өсдөг. Энэ намар бүсгүйчүүд маань өмд, пиджакны хослолоос татгалзаж богино банзалтай, нимгэн торгомсог цамц хослуулж өм сөхийг сонирхож байна. Yүн дээр нэмээд нарийн нэхээстэй, ноолууран, нэхмэл цамц, өмд, юбканы алин дээр нь ч эвлэг хослох аж.

Гялгар ээмгээр дэгжирхээрэй
Чамирхах дуртай дэгжин охидууд анхаарлаа хандуулаарай. Бүс, зүүлт, ээмэг, гарын гинж гээд гоё, сайхан харагдуулах боломж зунаас өвлөгдөн намрын улиралд хадгалагддаг. Унжсан, гялгар, өнгөлөг ээмэг чамайг чөлөөтэй, өөртөө итгэлтэй харагдуулна гэнэ. Жижигхэн шигтгээтэй, бүдүүн, гялгар төмөр бүс бүсэлхийг нарийхан харагдуулахаас гадна гоёж гангарах дуртай сэтгэлийн чинь илэрхийлэл болдог.

Эцэст нь хэлэхэд бүсгүй та өөртөө л хамгийн мундаг загвар зохион бүтээгч гэдэгт итгээрэй. Өөрт байгаа хувцсаа зохицуулж өмсөөд, итгэлтэй алхахад намрын гоёлыг жинхэнэ утгаар нь тодорхойлогч болж чадна гэсэн үг.
/Өнөөдөр, 2004, 09.03, 207/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button