Нэлээд нутагт хүнд өвөл болох нь

Нийт сумдын 46 хувь нь 50 хүртэлх, 25.5 хувь нь 51-100, 13.9 хувь нь 101-200, 10.6 хувь нь 201-500, дөрвөн хувь нь 500-гаас дээш хувийн бэлчээрийн багтаамжтай гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 70 орчим хувьд мал өвөлжилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор өвөлжих бэлчээрийн нөөцтэй аж. Харин 30 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломжгүй буюу өөр аймаг, сумын нутагт отор хийх юм.
Бэлчээрийн багтаамж муутай нутагт Ховд, Завхан, Баянхонгор, Булган, Сүхбаатар аймгуудын өмнөд, Архангайн төв болон Өвөрхангайн хойд, Дорноговь, Дундговийн зүүн хэсэг, Увс, Баян-Өлгий, Төв аймгийн зарим сум багтаж байна. Бэлчээрийн даац нь их хэмжээгээр хэтэрсэн нь Баян-Өлгийн Ногоон нуур, Булган, Дэлүүн, Увсын Тэс, Давст, Ховдын Мөнххайрхан, Завханы Отгон, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Гурванбулаг, Бөмбөгөр, Баацагаан, Богд, Архангайн Жаргалант, Булганы Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Төв аймгийн Лүн, Цээл, Өвөрхангайн Бат-Өлзий, Гучин-Ус, Өмнөговийн Мандал-Овоо, Дундговийн Луус, Гурвансайхан, Дэрэн, Говь-Угтаал, Дорноговийн Замын-Yүд, Эрдэнэ, Өргөн сум юм.
Дээрх нутгуудад мал өвөлжиж, хаваржих нөхцөл хүндрэх төлөвтэйг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Мөн аль аймгийн ямар суманд хэдэн толгой мал өвөлжих боломжтойг тооцон гаргасан гэнэ.
/Өнөөдөр, 2004, 09.03, 207/