Хэлэлцүүлгийг хойшлууллаа

Эвслийн бүлгийн хуралдаанаар Төрийн нийгмийн хуулийн төслийг хэлэлцээд Эх орон-Ардчилал эвслийн бүлгээс төслийг Засгийн газарт өргөн барихаар болжээ. Зарим заалтад өөрчлөлт оруулахдаа хүүхдийг эрхийн чадамжтай болтол нь итгэлийн мөнгийг эхэд нь буюу эхтэй адилтгах нөхцөлд байгаа өрх толгойлсон эцэгт өгч байхаар болсон байна. Мөн асрамжийн газарт байгаа хүүхдийн итгэлийн мөнгийг 18 нас хүртэл нь хүүг тооцож банкинд хадгалах юм байна. 18 нас хүрээд хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй байхаар төсөвт заажээ. Монгол улсад 5000 орчим өнчин хүүхэд байдгийн дийлэнх нь асрамжийн газар хүмүүждэг юм байна. Итгэлийн мөнгөний хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2005 оны төсвийн мэдэгдэлд тооцоог гаргаж ажиллахыг Эвслийн бүлэг Төсвийн байнгын хорооны дарга Бадамдамдинд санал болголоо. Мөн бүлгийн хуралдаан гишүүн Энхсайханы гаргасан орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын дундуур явуулах саналыг дэмжсэн байна.
Эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бүлгийн хуралд дээрх төслийг танилцуулахдаа одоо байгаа яамдын тоо хоёроор нэмэгдэж, харин агентлагийн тоог арваар хорогдуулсан эдийн засгийн хэмнэлт гаргаж удирдлагын зардлыг бууруулсан гэж гишүүдэд тайлбарласан байна. Эвслийн бүлгийн гишүүд төслийг сайшаан дэмжээд удирдлагын зардлыг бууруулсан талаар иргэдэд зөв ойлголт өгөхийн тулд Засгийн газрын бүтцийн одоогийн зардал, мөн төсөлд тусгасан зардлын зөрүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Засгийн газраас хүссэн байна гэж УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн хэвлэлийн албанаас манайд мэдээллээ.
/MN-25 телевиз/