Авто аялал Монголын нутгаар…
Энэхүү аялал нь өнгөрөгч сарын 13-нд Москвагаас гараагаа эхэлж Челабенск, Борков, Горний-Алтайгаар дайран Монголын нутагт орж иржээ. Тэд Увс-Завхан-Архангай-Өвөрхангай-Хөвсгөл-Эрдэнэт-Улаанбаатар-Архангай-Өвөрхангай-Өмнөговь-Баянхонгор-Говь-Алтай-Ховд-Баян-Өлгий гэсэн маршрутаар Монголд нийт 17 хоног аялаад баруун хилийн боомтоор гарч, цааш Казахстан, БНХАУ, Төвдийн нутгаар аялах аж. Аялал нийт хоёр сарын турш үргэлжлэх юм байна.
Уг аялал нь нэрт монгол судлаач Рерих, Прежвальский нарын дурсгалд зориулагдаж байгаа бөгөөд тэдний явсан замаар явж байгаагаараа онцлогтой. Аялалд Монгол улсаа төлөөлж Альфа группийн зөвлөх Н.Дамдинжав оролцож байна. Аяллын багийнханд Вокруг света сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч Лев Вейсман, Санкт-Петрбургийн төв телевизийн сурвалжлагч зэрэг ОХУ-ын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид ч явж байгаа бөгөөд радио холбоогоор дамжуулан аяллын талаархи бүх мэдээлээ интернэтээр цацаж байгаа аж.
/Өдрийн сонин, 2004, 09.06, 220/