Эрүүгийн хүнд ертөнцийн мэдээллээс

Энэ талаар цагдаагийн холбогдох албаны хүмүүсээс тодруулахад түүнийг Монгол, Франц, Швейцарь улсад төдийгүй Интерполоор эрэн сурвалжилж байсан рецидив гэмт хэрэгтэн гэлээ. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Отгонбаатарыг хөлсний алуурчны гарт амь үрэгдсэн гэж мэдээлсэн талаар зарим эх сурвалж бидэнд ярьсан юм. Энэ мэдээлэл үнэн болохыг Интерполоос манай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Швейцарийн нэгэн иргэн хөлсний алуурчинд 2000 ам.доллар өгч, түүнийг хөнөөлгөхөөр захиалсан бөгөөд энэ хэрэг Францад болсон нь тогтоогджээ.
Швейцарь хэмээх Отгонбаатарыг залилан, хүн амь, танхайн хэрэгт сэжиглэн 2001 оноос эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр нэлээд олон хүнийг гадаадад гарахад нь зуучилсан бөгөөд тухайн улсад ажил эрхэлж чадаагүй нэг хэсэг нь нутагтаа буцан ирж түүнд залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад хандаж байжээ.
-Тагнуулын нууц мэдээлэгч байсан гэх Д.Энхбат, түүний өмгөөлөгч, цагтаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Санжаасүрэн нарт холбогдох хэрэгтэй прокурорууд танилцаж эхэллээ.
Д.Энхбат өөрийгөө тагнуулын нууц мэдээлэгч байсан тухайгаа сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүнийг нь өмгөөлөгч нь үнэн гэдгийг батлан ярьж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. ТЕГ-аас тэднийг улсын нууц задруулсан гэж үзээд эрүү үүсгэн шалгасан. Тагнуул, цагдаагийнхан Д.Энхбатыг С.Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэн Францаас баривчлан авчраад нууц мэдээлэгч болгосон, ингэхдээ хүч хэрэглэсэн гэсэн мэдээлэл хэдэн сарын өмнө гарсан нь багагүй дуулиан болж байсан билээ.
-Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Жаргалсайханы авч явсан дискэн дэх материалууд нь улсын нууцад хамаарна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Улсын нууц задруулсан хэргээр Тагнуулын ерөнхий газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад ялын дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаж байгаа бөгөөд Д.Жаргалсайханд холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоох юм. Ажлын албаны дарга компьютерээ засуулахаар мэдээлэл бүхий дискийг авч гарсан ч түүнийгээ бусдад дамжуулсан, танилцуулсан эсэх зэрэг олон асуудал тодорхойгүй байна.
/Өнөөдөр, 2004, 09.07, 210/