Хятадын дээрэмчид монголчуудыг дарамталж байна

-Та хувиараа наймаа хийдэг үү?
-Тиймээ. Би Улсын их дэлгүүрт лангуу түрээсэлдэг юм. Бээжингийн Ши Жи Мэнь захаас бараагаа татдаг. Гэтэл миний барааг татаж авчирдаг манай хоёр эмэгтэй дүү Бээжингийн зах дээр зодуулж хамаг юмаа дээрэмдүүлээд ирсэн. Дараа нь би өөрөө яваад ч мөн адил зодуулаад ирлээ.
-Ямар хүмүүс юуны учир дээрэм хийгээд зодож жанчаад байдаг юм бэ?
-Ши Жи Мэнь зах руу орох гэтэл хоёр өвөрмонгол залуу хүрээд ирсэн. Тэгээд орчуулагч авах уу гэв. Авахгүй гэтэл дорхноо гар утсаар яриад л бие биенээ дуудаад арав хориулаа болчихсон. Тэгээд л тойрч зогсч байгаад зодсон. Тэгсээр хоёр суганаас өргөөд захаас гаргачих юм билээ. Намайг 16 залуу элбэж зодсон.
-Та биедээ гэмтэл авсан уу?
-Мэдээж зүгээр өнгөрнө гэж юу байхав. Гэхдээ тэд хэзээ ч хүний нүдэнд ил харагдах газар цохидоггүй. Дандаа хэвлийн тус буюу нүднээс далд газар л зоддог юм билээ.
-Тэднээр орчуулагч хийлгэж болдоггүй юм уу?
-Тэд орчуулагч хийдэггүй юм аа. Тэднийг харангуутаа л захын наймаачид барааныхаа үнийг 10-25 хувиар газар дээр нь нэмдэг. Тэгэхээр мэдээж хэн ч гэсэн тийм үнэтэй бараа авахыг бодохгүй биз дээ. Ийм учраас л өвөрмонголчуудаас аль болохоор хол байхыг хичээдэг. Тэгэх тусмаа тэдний дарангуйлал ихсэх боллоо. Зодоод зогсохгүй хамаг юмыг нь дээрэмддэг.
-Зодуулсан монголчууд олон уу? Тэр дор нь цагдаад хандаж болдоггүй юм уу?
-Олон. Сарны титэм, Тумбааш, Нарантуул захын наймаачдын ихэнх нь зодуулсан байсан. Бээжингийн цагдаа нарт хандвал шийдэж өгөх байх л даа. Даанч хэл мэдэхгүй болохоор бэрхшээлтэй байх юм. Харин тухайн үедээ Монголын консулдаа хандсан. Цагдаагийн дарга байсан Ч.Амарболд генерал ажиллаж байгаа юм билээ. Тэр хүн Та нар Монголд очоод Гадаад хэргийн яамаар албан ёсоор энэ асуудлыг тавиулсан цагт л нэг тийш нь болгож шийдэж чадах байх. Бид энд хөрөнгө мөнгө, хүн хүчгүйдээд байна гэсэн. Тэгээд энд ирээд Бээжинд зодуулсан монголчуудаасаа гарын үсэг авч Гадаад хэргийн яамны консулын хэлтсийн дарга Д.Гэрэлд өргөдөл бичиж байгаа.
-Манай консул ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна гэж үү?
-Чадахгүй байсан. Харин Ч.Амарболд гуай хөөцөлдөж байж унтлагын автобусанд мансууруулах тамхи хэрэглэн дээрэм хийдэг байсныг зогсоосон гэсэн.
-Энэ тухайгаа арай тодорхой ярихгүй юү?
-Эрээнээс Бээжин хүртэл явдаг 36 хүний суудалтай хоёр давхар ортй унтлагын автобус гэж бий. Өвөрмонголчууд тэр автобусны жолоочтой хуйвалдаад жолоочийн хажууд суучихаад мансууруулах тамхи татаад явдаг. Тэгэхээр утаа нь арагшаа хийсч автобусанд явсан хүмүүсийг унтуулчихдаг. Ингээд л зорчигчдыг унтаж байх хооронд нь эд зүйлсийг нь мөнгө төгрөгтэй нь аваад алга болдог байсан юм.
-Монголчуудыг ингэж дээрэмддэг учир юунд байна?
-Ши Жи Мэнь захын хувьд тэдгээр өвөрмонгол залуучуудын ард хятадууд байдаг юм билээ. Хятад эзэд нь тэднийг мөнгө олж ирэххийг даалгадаг. Тэд харин захын наймаачдыг дарамталж мөнгөөр татвар авдаг байх. Бээжингийн зах дээр лав тийм 30 гаруй залуу бий.
-Өөр ямар зах дээр тийм дээрэмчид байдаг юм бэ?
-Хүүхдийн хувцас, бичиг хэрэг, гутал, компьютерийн зах дээр байдаг. Тэдэнд баригдсан хүмүүс бол нэг бол зугтаж гарах, эс бөгөөс зодуулаад хамаг юмаа дээрэмдүүлэхээс өөр мэхгүй болдог. Андашгүй дээ. Зах дээр очоод втоабуснаас буухад л хаалган дээр нь арав арваараа отоод л зогсож байдаг юм.
/Өдрийн сонин, 2004, 09.07, 221/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button