Эмч зөвлөж байна

-Эгч маань 32 настай. Нөхөр, нэг хүүхэдтэй. Хүүхэд нь 8 настай. Одоогоос 6 жил орчмын өмнө аборт хийлгэсэн. Гэтэл үүний дараах жирэмслэлтүүд нь бүтэлгүй болсон. 2 жилийн өмнө нэг зулбаад, энэ өвөл жирэмсэн байгаад ураг бойжих явцдаа амьгүй болсон байсан гэсэн. Абортоос болж ингэх үү? Эгч маань их туранхай. Ер нь туранхай хүмүүс амархан зулбадаг гэдэг үнэн үү?
/Х. Баянхонгор/
-Энд гол нь юунаас болсон шалтгааныг нь зөв тогтоох хамгийн чухал. Зарим тодорхой зүйлийг хэлэх аргагүй байна. Гэхдээ ургийн амьгүй болно гэдэг үр хөндөлттэй шууд холбоотой бол биш. Зулбалтын шалтгааныг нэн түрүүн оношлох хэрэгтэй. Ураг амьгүй болно гэдэг нь жирэмсний хожуу үе буюу 5-с дээш сартайд яригддаг. Харин өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь жирэмсний эхэн үе буюу 5 хүртэлх сар юм. Энэ тохиолдолд ураг амьгүй болох гэж хэлэхээс илүү өсөлтгүй жирэмслэлт гэх ёстой. Өсөлтгүй жирэмслэлт болох хэд хэдэн шалтгаан байж болно. Yүнээс манайд урагт вирусын гаралтай, жишээ нь herpes юмуу, цитамегаловирус гэх юм уу халдвар авахуулах явдал хамгийн элбэг тохиолдож байгаа. Энэ нь жирэмсний бага үед хүндээр ханиад томуу тусах, ер нь вирусын гаралтай өвчнөөс улбаатай. Их туранхай буюу өвчний, хоол ундны дутмагшлаас үүсэлтэй туранхай байх нь үр зулбахад нөлөөлж болно. Өөрөөр хэлбэл биед хэрэгцээт хоол тэжээлээ авч чадахгүй, эрүүл мэндийн байдал, биеийн дотоод орчин хангалтгүй, бодисын солилцооны алдагдалтай байна гэсэн үг шүү дээ. Энэ хүний хувьд биеэ эрүүл үед сайн шинжилгээ өгөх хэрэгтэй. Вирус хүний биед үлдчихдэг. Тэхээр үүнийг шинжилгээгээр тогтоочих юм бол эмчилгээ нь тодорхой болно.
-Би өндгөвч, хэвлийгээр өвдөөд байхаар нь манайдаа л сайн гэгддэг /нэг нь бүр олон улсын чанартай эмнэлэг/ 2 эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд хариу нь тэс өөр гарсан. Нэг нь эрүүл гээд нөгөө нь бактеритай гэсэн байх юм. Би алийг нь баримтлах юм бэ? Бактери гэдэг чинь мөөгөнцөр мөн үү?
/Н. 41 н/
-Бактери өөрөө мөөгөнцөр биш шүү дээ. Yтрээний орчинд байх ёстой нянгийн хэмжээ багасч, эсвэл байх ёсгүй нян ихсэх үед мөөгөнцөр гарч ирдэг. Шинжилгээ ингэж янз бүр гарах тохиолдол бий. Заримдаа бүр гурван өөр хариу барьчихсан хүн ч орж ирдэг юм. Шинжилгээ их энгийн зүйлээс хамаардаг юм шүү дээ. Ямар шинжилгээг, хэдийд, хаанаас нь, яаж авах вэ гэх мэт жижиг мэт боловч олон зүйлээс шинжилгээний үнэн бодит хариу хамаарна. Шинжилгээний хариу 100 хувь гарна гэж байхгүй. Гэхдээ аль болох өндөр түвшинд гаргахын тулд шинжилж буй хүний ур чадвар, дээр хэлсэн зүйлүүд бүгд хамаатай. Энэ бүгдийг үзүүлж буй хүн өөрөө сайн мэддэг, зохих хэмжээнд боловсорсон байх хэрэгтэй. Тэгвэл шинжилгээг буруу авч байна уу, эрүүл ахуйн байдал нь шаардлага хангахаар байна уу үгүй юу гэдгийг хараад л мэднэ шүү дээ.
-Зарим эмч нар энд тэнд олон газар хэсч эмчлүүлэх нь үр дүнгүй болдог гэдэг. Нэг газраараа дагнаж эмчлүүлэх ёстой юм уу?
/Б. УБ/
-Энэ бол яг тэг гэж хэлэхэд хэцүү асуудал шүү. Гэхдээ бас харьцангуй хоцрогдмол байр суурь гэж хэлж болно. Хүний эцсийн зорилго бол эрүүл болох явдал. Түүнээс энийг таньдаг, тэрийг итгэдэг гээд ганц газартайгаа зууралд гэж хэлэх нь зохимжгүй. Орчин үед өрсөлдөөний хуулийн дагуу эмнэлгүүд улам чанаржиж байгаа. Тиймээс эрүүл болохын тулд аль сайн эмнэлэгт хандах нь зүй ёсны байгаа биз дээ. Тэгээд ч эмнэлгийн тухайд бол мэддэгээ биш өвчнөө дагах ёстой. Тухайн өвчин, өвчлөлд хаана, хэн хамгийн сайн эмчлэх вэ гэдгийг анхаарах ёстой юм. Хэрвээ над дээр ирсэн өвчтний асуудал миний төгс сайн мэддэггүй зүйл байгаад, надаас сайн мэргэжилтэн байдгийг мэддэг бол би тийшээ оч гэж зөвлөдөг.
-Би хэдэн сарын өмнө аборт хийлгэсэн. Ямар нэг өвчин зовиур мэдэгдэхгүй байтал хэд хоногийн өмнөөс их хэмжээний цус гарч, эмнэлэгт үзүүлэхэд дутуу хийсэн байна гээд ахин цэвэрлэсэн. Одоо бол өөрт мэдэгдэх зовиур алга. Ер нь аборт дутуу, бас олон удаа хийлгэх ямар үр дагавартай вэ?
/Болор. 28 н. УБ/
-Яг би болон манай эмнэлгийн хувьд үр хөндөлтийн талаар маш тодорхой байр суурьтай. Бид үр хөндөлтийг эсэргүүцдэг, манай эмнэлэг ажиллах явцдаа нэг ч удаа ийм зүйл хийгээгүй. Эрх зүйн хувьд бол болох зүйл. Эмэгтэй хүн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл үр хөндөлт эмэгтэй хүний биед хамгийн хөнөөлтэй зүйл. Яаж цэвэрхэн, сайн хийлээ гээд энэ бол эмэгтэй хүний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг юм. Олон удаа гэсэн үг бол бүр байх ёсгүй. Yүнийг тайван амгалан байсан газар бөмбөг дэлбэрэх юм уу газар хөдлөхтэй зүйрлүүлж болно. Ийм гамшгийн дараа газар дэлхий, хөгжил, улс орны байдал ямар болох вэ, бодоод үз л дээ. Тиймээс хүүхэд төрүүлмээргүй байгаа бол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэ. Yнэндээ манай эмэгтэйчүүдийн эмнэлгийн оршин тогтнох нэг эх үүсвэр бол үр хөндөлт байдаг гэсэн. Харин миний хувьд хэзээ ч ингэж хүн хохироохгүй. Yр хөндөлтөөс болж өндгөвчний үйл ажиллагаа алдагдаж, эмэгтэй хүний нөхөн үржихүйн систем, бие тэр чигээрээ асар их хямардаг. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдана гэдэг чинь сарын тэмдгийн алдагдлаас эхлээд умай, хөхний өвчлөлийн уг сурвалж болдог. Зарим тохиолдолд цусны бохирдол сепсис болж амь насаа алдахад ч хүргэж болно. Умай бол их ариун орчин. Гэтэл үр хөндсөнөөр энэ ариун орчинд халдварын голомт бий болгочихдог.
-Би жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 2 жил гаруй сарын тэмдэг огт үзэгдээгүй. Гэтэл тариа хийлгэхээ больсноос хойш дахин хоёр жил сарын тэмдэг ирээгүй. Би уг нь энэ жил хүүхэд гаргая гэж төлөвлөж байсан юм. Одоо тэр чигээрээ хүүхэд төрүүлж чадахаа больчих вий гэж сэтгэл их зовниж байна. Яах вэ?
/Т. 34 н. УБ/
-Манайд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа гормоны гаралтай депопровера гэж тариа эмэгтэй хүний биед янз бүрийн нөлөө үзүүлж байна. Цөөн бус эмэгтэй ийм асуудалтай ирдэг. Энэ тарианаас болж сарын тэмдэг урт богино янз бүрийн хугацаагаар хоригдох, эсвэл цус алдалт болох нь хамгийн түгээмэл байгаа юм. Эмэгтэй хүний бие амьдрахуй, тогтнохуйн өөрийн гэсэн горим, циклтэй шүү дээ. Уг тариа энэ горимыг алдуулж байгаа хэрэг л дээ. Энэ нь тийм сайн зүйл биш. Уг нь өрхийн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетууд нутаг дэвсгэрийнхээ эмэгтэйчүүдийг сайн үзэж, судлаад яг тухайн хүнд таарсан ерөндөг, бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгслийг нь үнэ төлбөргүй өгч байх учиртай юм л даа. Жишээ нь ерөндөг тавиулъя гээд над дээр дээр ирдэг. Гэтэл би тухайн хүнд тавих ерөндөгийг нь эмийн сангаас худалдаж авах шаардлагатай болж байгаа хэрэг. Ерөндөг тавина гэдэг өөрөө бас ажиллагаатай, шинэ багаж хэрэглэх шаардлагатай гээд яалт ч үгүй төлбөртэй болчихдог. Өрхийн эмнэлэг чинь үнэ төлбөргүй тавьж өгнө шүү дээ. Та яах гэж заавал мөнгө төлж энд тавиулах гээд байгаа юм бэ гэхээр манай тэнд алга байнаа гэх юм. Тэр хүнд яг тохирох хамгаалах хэрэгслийг сонгохдоо нас, зуршил, амьдралын хэв маяг, биеийн ерөнхий эрүүл мэнд, элдэв өвчин эсэргүүцэх чадвар, санхүүгийн боломж зэргийг хүртэл харгалзаж үзэх хэрэгтэй байдаг.
-Сарын тэмдгийн хэмжээний алдагдал юунаас болдог вэ?
/Оюунаа. Б аймаг/
-Хэрвээ үр хөндүүлсэн бол сарын тэмдгийн хэмжээний өөрчлөлт нь өндгөвчний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой. Мөн биеийн ерөнхий эрүүл мэнд, цус багадалт, дотоод шүүрлийн өөрчлөлт, бодисын солилцооны хямрал, сэтгэл санааны дарамт, хямрал гээд олон зүйл нөлөөлнө. Дайны үед эмэгтэйчүүдийн сарын тэмдэг огт үзэгдэхээ больчихдог байж. Яг эрэгтэй хүн шиг. Энэ бол сэтгэлийн тэр их хямрал, стрессээс болсон хэрэг. Хэмжээний өөрчлөлт бол гол нь дааврын зохицуулалт алдагдсантай холбоотой. Сарын тэмдэг гэдэг нь үр тогтоогүй үед умайн хөндийн салст ховхорч унахад гарч буй цус юм шүү дээ. Энэ салст хэр зузаан байх нь даавраас хамаардаг.
-Биеэс ялгарах цагаан юм ихсээд байгааг яаж эмчилдэг юм бэ? Би мөөгөнцөр юм болов уу гэж бодоод шинжилгээ өгөхөд зүгээр эрүүл байна гэсэн. Гэхдээ хэвийн байдгаасаа ихэссэн байгаа.
/З. 25 н. УБ/
-Эмэгтэй хүний биеэс ялгарах цагаан юм ганц мөөгөнцрийн үед гардаг юм биш. Өөрт зовиургүй, эмгэг шинж тэмдэг илрэхгүй бол тухайн хүний онцлог байж бас болно. Ерөөсөө үтрээний орчин өөрчлөгдсөн, дисбатериоз буюу биед байх ёсгүй өөр нянгууд ихэссэн, давамгайлсан эсвэл өөрчлөгдсөнтэй холбоотой цагаан ялгарал ихэсдэг. Тиймээс үүнийг арилгахын тулд, мөн мөөгөнцөртэй байлаа ч ганц мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх биш үтрээний эрүүл, хэвийн орчинг хангах эмчилгээ хийх нь чухал. Yтрээ өөрөө хүчиллэг орчинтой. Хэвийн байдал нь Ph 3.8.-4.2 байх ёстой. Yтрээнд байх ёстой бактерийн 90 хувь нь сүүний хүчил ялгаруулдаг, үтрээний хүчиллэг, шүлтлэгийн тэнцвэрийг зохицуулдаг лактобактери юм. Гэтэл ахуйн болон бэлгийн ариун цэвэр сахиагүйгээс энэ бактерийн хэмжээ багасан үтрээний Ph 4.2-оос дээш гарвал шүлтлэг ихэсч дисбактериоз болно.
Баярсайхан эмч Би сүүлийн хэдэн жил хорт хавдрын талаар олон нийтэд ойлгуулах юмсан гэж хичээж ирсэн. Монгол орон хорт хавдраар нас барагчдын тоо хавьгүй өндөр. Гэтэл гадаадын улс орнуудад хорт хавдартай атлаа хэдэн арван жил ч амьд явж л байдаг. Энэ нь эрт оношлуулж зөв эмчилгээ хийлгэдгийн ач юм. Манайд хүмүүс хорт хавдар гэхээр өөрт нь хамаагүй юм шиг, хэзээ ч тусахгүй юм шиг бодож хайнга ханддаг. Хорт хавдар туссан бол үхэх ёстой юм шиг буруу ойлголттой болж бүр бие нь мууддаг. Хорт хавдрыг хэр эрт илрүүлнэ тэр хэрээр сайн эмчлэгдэнэ, бүр төгс эмчлэгддэг. Гэтэл огт анзааралгүй, цаг алдаж, заримдаа буруу оношилж удааширснаас эмчилгээ хийсний үр дүнгүй болж нас бардаг. Сүүлийн үед хорт хавдар улам залуужиж, залуу сайхан охид үүний улмаас амь насаа алдаж байна. Тиймээс хүн бүр хорт хавдрын тухай мэддэг, өөртөө анхаарал тавьдаг, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг, өвдвөл цаг алдалгүй эмчид очдог болох шаардлагатай. Yүнийг нийт уншигчиддаа хандаж уриалмаар байна.
Эмэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын шилдэг эмч нар ажилладаг Даффодел эмнэлэг Н.Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хашаанд, Амин-Эрдэнэ эмнэлгийн нэгдүгээр давхарт байрлаж байна. Та хүссэн зүйлээ лавлаж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдаръя гэвэл уг эмнэлэгт хандаарай. Утас 95252445.