Самарчдын хүүхэд Боргоцойнууд олшрох бололтой
Албан бусаар ууланд хэдэн ам бүл амьдраад байгаа нь тодорхойгүй ч албаныханд мэдэгдсэнээр өнгөрсөн жил нэг эмэгтэй хүү төрүүлжээ. Аав ээжийгээ самранд явж байхад нь төрсөн болохоор Боргоцой гэдэг нэрийг өгсөн байна. Боргоцой ч бас ирээдүйдээ самранд явдаг хүн болно. Учир нь энэ гэр бүл самраар л амьдралаа залгуулдаг. Зүгээр нэг самраа түүгээд өнгөрдөг бол яахав. Харин модыг нь унагаадаг, хугалаад хаядаг. Бас тэндээ урц барьдаг нь таагүй. Уул нь мод хугалвал нүгэл гэх мэтийн олон зүйлийг багаас нь манай ард түмэн сургадаг байсан ч одоо үгүй болжээ. Шинэ цагийн Боргоцой мэтийн хүүхдүүд энэ тухай ойлголт ч байхгүй гэнэ. Тиймээс одоо хуучин уламжлалаа сэргээхгүй бол хэдэн байгаль хамгаалагчид яагаад ч дийлэхгүй болсон байна. Боргоцойнуудыг олшруулахгүй гээд энэ нь зөвхөн манай улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гараад байгаа зовлон. Нэг байцаагч 70-80 га газрыг хариуцдаг. Мориор явахаас өөр аргагүй, цалин бага. Хурдан морь, машин хоёр гүйцэгддэггүй, дээр нь хүмүүс нисдэг тэргээр тусгай хамгаалалттай газраар зугаалах болсон. Хамгийн сүүлийн жишээ нь Хагийн хар нууранд хоёр хүн нас барсан. Тэд нисдэг тэргээр явж байжээ. Харамсалтай нь хэн гэдэг эрхэм энэ онгоцоор зугаалж явсныг мэдээгүй байна.
-Өнөөдөр байгаль дэлхийтэй зүй бусаар харьцаад байх юм бол үер ус, галын аюул, газар хөдлөлт гээд байгаль эргээд хариугаа авч эхэлж байна. Бид сэтгүүлчид та бүхэнтэй хамтарч Чингис хааныхаа төрсөн нутаг энэ байгаль орчныхоо төлөө хамтарч тэмцэе. Модыг мунаар цохих, мөчрийг нь хугалах зэрэг модыг гэмтээдэг асуудал байна.
Энэ жилээс ууланд өвөлжих нь арай багасна гэж байцаагчид хэлсэн. Тэгэхээр шинэ төрсөн хүү Боргоцой суурин газар өвөлжинө гэсэн үг Яагаад гэвэл хятадууд аав ээжээс нь самар авахаа түр азнаад байгаа. Тэгэхдээ л хулгайгаар түүсээр байгаа гэнэ. Жимс ч мөн адил. Ядаж байхад тусгай хамгаалалттай газар нь илүү их жимс самар ургаад байдаг гэмтэй. Бас ан амьтад нь элбэг. Самрын бизнес хэцүү, гэвч Боргоцой том болохын хувьд ан амьтад түүнийг тэжээнэ.
/MN-25 телевиз/