МАХН нэмж дөрвөн агентлаг байгуулах санал гаргалаа

Энэ хувилбараа УИХ дахь нам, бүлгүүдэд хүргүүлсэн бөгеөд Ерөнхийлөгч Н.Багабанди, Эх орон-Ардчилал эвслийн бүлэг өөрсдийн саналаа дэвшүүлээд байсан юм. Эвслийн бүлэг дээрх хувилбарыг зарчмын хувьд 100 хувь дэмжсэн бол Ерөнхийлөгч яамдыг 10 байхаар заажээ. Харин МАХН-ын бүлгийн хувилбараар яамд 13 хэвээр байх аж. Гэхдээ Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг үгүй болгож, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг задалж хоёр яам болгосон
байна. Ерөнхий чиг үүргийн Гадаад хэргийн, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн гэсэн гурван яам байх аж. Үлдсэн Байгаль орчны, Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, холбооны, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Түлш, эрчим хүчний, Үйлдвэр худалдааны, Хүнс, хөдөө аж ахуйн, Эрүүл мэндийн яамыг чиглэлийн яамд байна гэжээ. МАХН-ын бүлэг яамдын тоог дэмжсэн байна. Харин агентлагуудын хувьд 34 болгож дөрвөн агентлаг нэмэх саналтайгаа илэрхийлжээ. Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр нэмж, нийгмийн асуудал эрхэлсэн агентлагийг Улсын нийгмийн даатгалын, Улсын нийгмийн халамжийн, Хөдөлмөр эрхлэлтийн газар гэж гурав хуваахаар санал болгосон байна. Мэн сайдуудын ажил үүргийн хүрээнд хамаарагдах агентлагуудын хооронд бага зэрэг өөрчлөлт оруулжээ. МАХН-ын бүлэг өөрсдийн хувилбараа гаргасны дараа эвслийн бүлэг хуралдаж зарим нэг зүйлийг хэлэлцэхээр болов.
Нэгэнт бүлгүүд саналаа Ерөнхий сайдын ажлын хэсэгт хүргүүлсэн тул тэд дундын хувилбар гаргаж Ерөнхийлөгч болон бүлгүүдэд өгөх юм байна. Ерөнхийлөгч өөрийн саналаа долоо хоногийн дотор гаргаж Ерөнхий сайдад хүргүүлэх ба заасан хугацаанд саналаа ирүүлэхгүй бол Ерөнхий сайд эцсийн хувилбарыг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх аж.
(өдрийн сонин 2004.9.08 222)